МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

О.Саранчулуун: Маш олон хүн нийгмийн харилцаанд оролцохгүй хаалганы цаана үлдэж байгаа нь ялгаварлан гадуурхалтын хор уршиг юм
О.Саранчулуун УИХ-ын гишүүн
2024.10.17
Хүний эрх

О.Саранчулуун: Маш олон хүн нийгмийн харилцаанд оролцохгүй хаалганы цаана үлдэж байгаа нь ялгаварлан гадуурхалтын хор уршиг юм

Хүний эрхэд ээлтэй, “хүн төвтэй” хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан захирамж гаргаж, 54 ажлын хэсэг байгуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэдгээрээс хоёр ажлын хэсгийг нь ахалж байгаа УИХ-ын гишүүн, доктор О.Саранчулуунтай уулзаж ярилцлаа.

Тэрбээр парламент дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн түгээмэл хандлагыг хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлэх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх асуудлыг судлан санал, дүгнэлт боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч юм. Мөн Ялгаварлан гадуурхалтын эсрэг арга хэмжээний талаар судалгаа хийж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг удирдахаар томилогджээ.

-УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд манай улсад анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэж, чуулганаа нээлээ. Анхны гэх тодотголтой 126-гийн нэг нь та өөрөө. О.Саранчулуун гишүүн ажлаа юунаас эхлэв? Сонгогчдод тань сонин байж мэднэ?

-Хоёр том ажлын хэсгийг ахалж ажиллахаар боллоо. Хувь гишүүний хувьд өмнөө тавьсан том уриа бол “Хэн ч ард үлдэх ёсгүй ээ” гэсэн бодол, зорилго юм. Ер нь хэн ч ард үлдэх ёсгүй гэдэг санааны цаана юу байгаа вэ гэвэл тэр бүр анхааралдаа аваад, нийгмийн болоод эрүүл мэндийн үйлчилгээ хүрэлцдэггүй, хоцорчихдог хүн амын бүлгийг төлөөлж, тэдний төлөө дуугарч, тэдэнд чиглэсэн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, өөрийнхөө чадах зүйлээрээ тусалж, хууль тогтоох, бодлого боловсруулах түвшинд зориулъя хэмээн зорьж, ирсэн юм. Би бол АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн багш, нийгмийн ажилтан мэргэжилтэй.

Нийгмийн эрүүл мэнд болон эерэг сэтгэл зүйн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Хамгийн сүүлд “Ахмад настай хүний сэтгэл зүйн сайн, сайхан байдал” сэдвээр доктор хамгаалсан юм. Тиймээс ахмад настнуудад тохиолддог асуудлыг академик, шинжлэх ухааны хүрээнд нэлээд судалсан гэсэн үг. Нөгөө талаас би өөрөө 13 настайгаасаа хиймэл хөлтэй болж, хүн амын эмзэг бүлэг буюу бага орлоготой өрхийн ууган охин байсан. Ээж минь таван хүүхэдтэй эмэгтэй. Амьдрал гадарлах хүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг төрийн шийдвэр гаргах түвшинд шийдүүлэхийн төлөө дуу хоолой нь болж, гар, бие оролцох ёстой гэж бодож байгаа. Миний хүүхэд нас амаргүй, их төвөгтэй байсан.

Нэгдүгээрт, ар гэрийн нөхцөл байдал, хоёрдугаарт, эрүүл мэндийн асуудалтай учраас хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдийн туулдаг зовлон, бэрхшээлийг сайн мэднэ. Тиймдээ ч сүүлийн таван жилд Ажаа ренбүүчигийн санаачилгаар бага орлоготой өрхийн авьяаслаг хүүхдүүдийг их, дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлэх санг байгуулж, 100 гаруй оюутанд тэтгэлэг өгч, мэргэжлийнхээ дагуу нийгмийн ажлын үнэлгээ хийж, өрх гэрээр нь явж ажилладаг байсан юм. Мөн “Лантуун дохио” ТББ-д хүүхдийн эрхийн асуудлаар бодлогын зөвлөхөөр ажиллаж ч байсан. Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлийн чиглэлийн хүн амын асуудлыг нэлээд ойр судалсан судлаач, нийгмийн ажилтан хүний хувьд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг бодит амьдралд хэрэгжүүлж, орхигддог бүлгийн асуудлыг бодлогын түвшинд авчирна хэмээн төлөвлөж байна.

-Монголын парламент анх удаа ялгаварлан гадуурхалтын асуудлыг бодлогын түвшинд авч үзэж, ажлын хэсэг байгууллаа. Та танд ямар үүрэгтэй оролцохоор төлөвлөж байна вэ?

-Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан учраас эрүүл мэндийн салбар дахь ялгаварлан гадуурхалт, ёс зүйн асуудлууд, тэр дундаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, бага орлоготой айлын хүүхдүүд, ер нь бүх газарт ямар нэг орхигдсон, ялгагдсан мэдрэмжүүд байдаг гэдгийг мэднэ. Хүний эрхийн хувьд бодлого, шийдвэрт нь тусгуулахаар хөөцөлдөж, өмнөөс нь дуугарч ирсэн цөөн хүн мэдээж бий. Харин одоо парламентын түвшинд өөрөө тэр төлөөлөл нь болж анх удаа орсон гэдгээ мэдэрч байна. Нэлээд том, хариуцлагатай ажилд ирчихлээ.

Энэ цаг хугацаагаа ашиглаад чадахаараа л ажиллах юмсан гэж бодож, төлөвлөсөн. Тиймээс Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль Монголд хэрэгтэй байна гэсэн санал гаргасны дагуу Ялгаварлан гадуурхалтын эсрэг авах арга хэмжээний ажлын хэсэгт олон гишүүд саналаа өгч, нэгдсэн явдалд их баяртай байна. Бид эхний ээлжинд салбар дундын асуудлаа тодорхойлж, төлөвлөгөөнүүдээ гаргасан. Хоёр ажлын хэсэг маань хоорондоо уялдаатай явна.

-Манай улс Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуультай орон. Бас олон улсын бүх гэрээнд нэгдээд орчихсон. Тэгэхээр эдгээр хүмүүст ямар зохицуулалт шаардлагатай болоод шинэ ажлын хэсэг байгуулсан юм бол?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал нь зөвхөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хуулийн эрхийн тухай хууль яриад л болчихдог юм биш. Үүний цаана нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөрийн тухай хууль, саадгүй байдал, хүртээмж зэрэг одоо ба өмнө нь яригдаж байсан хууль эрх зүйн бодлогын шийдлүүд хамт дагалдана. Тийм учраас уялдаа холбоог нь харах хэрэгтэй болчихоод байна. Одоогоор хоёр ажлын хэсэг дээр төлөвлөгөө гаргасан. Анхаарал шаардлагатай нийгмийн бүлгийн хүн амд чиглэсэн ажлуудыг хийхэд нүүрэн эгнээнд нь ажилладаг хүмүүс бол нийгмийн ажилтнууд юм. Нийгмийн ажилтан хэмээх мэргэжилтний эрх зүйн байдал манайд баталгаагүй, тодорхойгүй явж ирсэн.

Маш олон хуульд “Нийгмийн ажилтны үүрэг, оролцоо байна” гэж тодорхойлсон боловч яг бие даасан эрх зүйн зохицуулалт хангалтгүй. Тиймээс Нийгмийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийг эргэн харах шаардлагатай, үүнд оролцож ажиллах бодолтой байна. УИХ-ын энэ намрын чуулганаар Ялгаварлан гадуурхалтын эсрэг бодлогын баримт бичиг, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулж хэлэлцүүлэх, Нийгмийн ажилтны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлыг уялдуулсан шийдвэр гаргуулах санал, дүгнэлтийг өргөн мэдүүлнэ. Бодлогын ийм зөвлөмжүүдийг гаргаж, Засгийн газарт шилжүүлж болох юм. Хууль эрх зүйн ийм том гурван бодлогын баримт бичиг дээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Миний докторын ажлын сэдэв “аз жаргал”-тай холбоотой байсан учир улс орны хөгжлийн индексийг тодорхойлдог аз жаргалын тухай ойлголт, соёл, сэтгэл зүйн сэтгэл ханамжийн асуудлыг бодлогын түвшинд хөндөх болно.

О.Саранчулуун УИХ-ын гишүүн

Албан ёсны статистик үзүүлэлт гаргадаг болох ёстой гэж бодож байна. Бид хэвшмэл ойлголтоороо хүний эрүүл мэндийн үзүүлэлтийг зөвхөн бие махбодын өвдөлтийн зэргээр тодорхойлж ирсэн нь тун өрөөсгөл ойлголт юм. Амьдралын эцсийн мөчид хүн туулсан амьдралаа эргэцүүлж дүгнэдэг. Ямар үр бүтээлтэй байв гэдэг ч юм уу. Залуу насандаа бүтээснээ дүгнэхэд сэтгэл ханамж үүснэ. Аз жаргалын индекс бол сэтгэл ханамжтай шууд холбоотой. Хүний биеийн өвдөлт 30 хувь бол үлдсэн 70 хувь нь сэтгэл зүйтэй шууд холбоотой байдаг. Тэгвэл нийгмийн эрүүл, сайн сайхан байдлыг тодорхойлох статистик тоо манайд байдаггүй. Мэдээж, судалгааны байгууллагууд л хийж байна. Сүүлийн үед дэлхий нийтэд шинжлэх ухааны салбарт эрүүл мэнд гэдгийг нийгэм, сэтгэл зүй, хүрээлэн буй орчны сайн сайхан байдал хэмээн тодорхойлж, эрүүл мэндийн мэдээллийг улс орны статистикийг эдгээр үзүүлэлтээр авч үздэг болсон.

Бид ч бас гаргая. Нийт хүн амын хэдэн хувь нь стресстэй, хэд нь сэтгэл санааны хувьд эрүүл байна гэдгийг гаргая. Эрүүл мэндийн тодорхойлолтод ийм хандлага, шинэчлэл байх хэрэгтэй гэж бодож явдаг. Тэгэхээр миний оролцох нэг чухал ажил бол хүн амын сайн, сайхан байдалтай холбоотой аз жаргалын судалгаа, индекс юм. Улс орныхоо төлөвлөгөөнд хэрхэн оруулж, бодлогод тусгуулах талаар далдхан хүсэл байсаар байна. Хэрвээ бид Ялгаварлан гадуурхалтын эсрэг хуультай болчихвол энэ зам руу нэг алхам ойртоно л доо. Одоо хэнийг ч ялгаварлахгүй болоод ирвэл дээрэлхэлтийн асуудлын тал нь үгүй болно. Хүмүүсийг ажилд авахдаа ялгаварладаггүй бол хүмүүсийн стресс бас буурна. Ер нь манай улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, энэ парламентын зорилго бол иргэдийнхээ амьдралыг сайн, сайхан байдалд хүргэх явдал юм шүү дээ. Тэр сайн, сайхан байдалд яаж хүрэх вэ? Мэдээж хүртээмж, нийгмийн үйлчилгээг хэмжиж, тодорхойлдог тогтолцоо хэрэгтэй гэсэн үг.

Сүүлийн 10 гаруй жил иргэний нийгмийн байгууллагад ажилласан хүний хувьд манай улс иргэний нийгмийнхээ тогтолцоог зөв зохион байгуулах ёстой гэж боддог. Ингэж чадвал төрийн маш олон үйлчилгээг иргэдийн хүсэл, зоригт нийцүүлэх боломжтой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хоёр санал оруулсан. Эхнийх нь иргэний нийгмийн байгууллагын үр ашгийг үнэлэх тогтолцоог бий болгох, нөгөө нь сайн дурынхны оролцоог баталгаажуулах, нийгмийн хөгжлийг нэвтрүүлэхтэй холбоотой өөрчлөлтийг хийх тухай заалт юм.

-Та өөрийн биеэр туулсан зүйлээ бодлогын түвшинд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Ялгаварлан гадуурхалтыг хуульчилснаар асуудал шийдэгдэх үү?

-Аливаа нийгмийн харилцааг хуулиар зохицуулах нь хамгийн үр дүнтэй арга юм. Ялгаварлалт бол гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгийг хуульчилсан тохиолдолд хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөх магадлалтай. Маш олон хүн ялгаварлан гадуурхалтын хор уршгийн улмаас хаалганы цаана үлдэж байгаа. Би ч өөрөө тэдний нэг байлаа. Хиймэл хөлтэйг минь хүмүүс мэдчих вий гэсэн айдсаар олон жил амьдарсан. Хөлөө нуухын тулд өргөн өмд өмсдөг. Ажилдаа тэнцээд орлоо гэхэд орчны хүртээмжээс эхлээд, өрөвдсөн харц, хандлага ялгаварлалтыг мэдэрдэг.

Ялгаварлан гадуурхалтын эсрэг хуулийн төслийг боловсруулахын тулд манай улс 2019 онд судалгаа хийсэн юм билээ. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн судалгааны дүгнэлт нь ийм төрлийн хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэж үзсэн байсан. Гэхдээ энэ бол тав, зургаан жилийн өмнөх нөхцөл байдал тул бид шинээр судалж эхэлсэн. Ер нь бол бодлогын түвшинд аливаа асуудлыг авч хэлэлцүүлэхдээ дөрвөн янзын үндэслэлийг оруулж ярина гэж төлөвлөлөө. Тухайлбал, юуны түрүүнд олон улсын гэрээний үүргийн дагуу хүлээлгэсэн санал, зөвлөмжүүдийг харгалзаж үзнэ. Хоёрдугаарт, Монгол Улсын урт болон богино хугацааны хөгжлийн хөтөлбөртэй хэрхэн уялдаж байгааг харна. Гуравт, тухайн асуудлаарх цаг үеийн тоо, баримт судалгааг шинжлэх ухаанчаар авч үзнэ. Эцэст нь хамгийн сайн туршлагад үндэслэнэ. Хуралдаануудад оролцохдоо ч аливаа асуудлыг ийм хандлагаар авч үзэж байгаа.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зөрчигдсөн хэвээрээ байгаа. УИХ ямархуу өөрчлөлтийг хийх бол?

-УИХ-ын даргаас санаачилсан хууль эрх зүйн бодлогын төгөлдөршил, хүн төвтэй хуулийг дэмжиж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний жишээн дээр аваад үзье. Жишээлбэл, мэс засал хийлгээд хөлөө тайруулаад эмнэлгээс гарлаа. Ажилд орох үед авто зогсоолоос эхлээд асуудал яригдсан. Гэхдээ азаар би сайн хамт олон дунд орсон. Нэг хүн архинаас гарахад ойр хавийнх нь 20 хүний сэтгэл санаа тайван болдог гэдэг шиг хөгжлийн бэрхшээлтэй нэг хүн нийгмийн амьдралд оролцох нь, эсвэл гэр орондоо хүнд байдалд өөрийгөө тусгаарлаад суухад ойр хавийн 20 хүн зовдог юм. Тэгэхээр ялгаварлан гадуурхалтыг бодлогын түвшинд зохицуулах шаардлага үүссэн.

Энд маш олон асуудал хөндөгдөнө. Наад зах нь Төрийн ордны орц, гарц, тэмдэглэгээнээс эхэлнэ. 126 гишүүний 80 гаруй нь шинээр сонгогдсон хүмүүс. 20 гаруй нь доктор. Эндээс иргэд ч, бид ч өөрсдөө их зүйл хийхээр хүлээлттэйгээр ажлаа эхэлж байгаа. Парламентыг их хол гэж ойлгодог. Хүмүүст ойрхон гэдгээ харуулахын тулд тайлангаа тогтмол тавьж, 100 дахь хоног дээрээ төрөлх сургуулийнхаа эрдэмтэн, багш нарт тайлагнах бодолтой явна. Намайг нэр дэвшээд сонгогдоход мөнгө төгрөг, танил талтай гэх асуулт, ойлголт төрсөн. Надад аль нь ч байгаагүй ээ. Тиймээс итгэл үнэмшил нь их байгааг анзаарсан. Хамт олон минь бараг анх удаа л чуулганы нээлт үзлээ гэж байсан. Намайг тангараг өргөхийг харах гэж УИХ-ын чуулганы хуралдааныг бүтнээр нь үзсэн. Дарга, цэргийн асуудал байхгүй, нээлттэй, олон ургальч шинэ парламент бүрэлдсэн гэдгийг би өөрийн биеэр ойлгуулж, үлгэрлэх болно.

 

ШИНЭ МЭДЭЭ