МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.17
Эдийн засаг, Худалдаа

Б.Найдалаа: Төсвийн тэлэлттэй холбоотойгоор мөнгөний бодлого явуулах орон зай алга

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:

Нэгдүгээрт, нийлүүлэлтийн сүлжээг дэмжих гээд "төсөл" яригдаж байсан. Миний мэдэхийн уг төслийг бараг 10 жилийн өмнөөс ярьсан. Энэ төсөл яагаад хэрэгжээгүй болон юун дээр гацаад, ямар шийдвэр, хуулийн төсөл байж гэмээ нь цааш яах вэ? 

Хоёрдугаарт, төсөв тэлснийг та бид мэдэж байгаа. Төсвийн төсөлд зааснаар алдагдлыг Засгийн газрын үнэт цаас, дотоодын зээлээр нөхөхөөр тусгасан. Ингэхээр хувийн хэвшлийнхнийг дэмжих ёстой, гишүүдийн яриад байгаа зээлийн хүү буурах нөхцөл байхгүй болчхож байгаа юм. Тэгэхээр хатуу бодлого явуулах нь зайлшгүй гэж ойлгож болох уу. Хэрэв ингэж үзвэл зээлийн хүү буурахгүй, зээлийн хэмжээ өсөхгүй. Үүн дээр тодорхой хариу хэлнэ үү. Төсвийн тэлэлттэй холбоотойгоор мөнгөний бодлого явуулах орон зай байхгүй байна. Ер нь мөнгөний бодлого бодитойгоор явуулах боломж бий юм уу.  

Гуравдугаарт, инфляцын тооцоо дээр хоёр зүйлийг тодруулж өгнө үү. Энэ баримт бичигт цахилгаан дулааны үнийг нэмэхтэй холбоотой үг, өгүүлбэр алга. Үүнийг хэрхэн тооцож байна? 

Дөрөвдүгээрт, зам тээвэр ложистискийн зардал зөвхөн инфляц гэдэг үг дотор орсон байна. Боомтуудын сэргэлт, нэвтрэх чадвар болон тээвэр ложистик, агуулах савтай холбоотой зардлын нөлөө инфляцад хэр байдаг юм. Төсөв ийн тэлж байгаа бол мөнгөний бодлогын орон зай байхгүй бол ирэх жил инфляцыг зорьж буй түвшиндээ барьж чадах уу?  

Түүний асуултад, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хариуллаа.