МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.18
Боловсрол

О.САРАНЧУЛУУН: ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАДЛЫГ СУУЛГАХЫН ТУЛД ОРЧИН НЬ ХАНГАГДСАН БАЙХ ЁСТОЙ

Хүүхдийн боловсролд багшлах боловсон хүчин, сурах бичгийн агуулга чанар гээд олон зүйл шаардлагатай. Гэхдээ энэ болгоноос түрүүлж сургалтын орчинг бүрдүүлэх буюу сургууль, цэцэрлэгийн байгууламжийг стандартын дагуу шинэчлэх нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал байсаар байна.

Энэ үүднээс Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх, тэр дундаа бүх цэцэрлэг, сургуульд орчин үеийн ариун цэврийн байгууламж барихаар тусгасан. Өнөөдрийн байдлаар 800 орчим сургууль, цэцэрлэг, дотуур байрны 500 орчим нь стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болсон гэдэг. Гэвч ариун цэврийн байгууламжийг суултуургүй, халуун усгүй зэргээр оромдоод орхиж байгаа тохиолдол бий.

Тиймээс Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024.10.15-ны хуралдаанаар хэлэлцсэн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэх үеэр УИХ-ын О.Саранчулуун өөрийн байр суурийг илэрхийлж саналаа хэллээ.

Тэрээр “Бид хөдөө орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг нь шийдэж байгаа юм байна. Тэгвэл саванг нь яах вэ. Есдүгээр сарын нэгэнд саван байгаад байдаг. Харин сарын дараа саван нь байхгүй болчихдог. Ер нь манай боловсролын байгууллагын ариун цэврийн өрөөнд саван байдаг юм уу, саванг яаж шийддэг юм бэ. Яагаад байнга байхгүй дуусчихдаг юм бэ.

Энэ үнэндээ савангийн асуудал биш цаана нь томуу, ханиад мөн төрөл бүрийн халдварт өвчний асуудал яригдаж байгаа. Ер нь гараа угаах дадал суугаагүй хүүхдүүд халдварт өвчинд илүү өртөмхий байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ тал дээр ажиллаж байгаа ажлын хэсэг жорлонгийн суултуурыг давхар шийдэх. Зарим нь жорлон барьсан нэртэй хэрнээ суултуур байхгүй байгаа шүү дээ. Тийм жорлон дээр хүүхдүүд суухгүй. Бид гэртээ тийм жорлон дээр суухгүй. Тэгэхээ эрүүл мэндийн дадал зуршлыг сайжруулахын тулд орчин нь хангагдсан байх ёстой. Бид ганц жорлон барилаа гээд хүүхэд гараа угаадаг болохгүй.

Нэг үгээр жорлон барьсан бол цогцоор нь. Жорлон барьсан хэрнээ савангүй зэрэг дутуу дульмаг зүйл хийх вий. Нэгэнт хийж байгаагийнх суултууртай, савантай, кранттай, крант нь бүлээн устай болмоор байна.

Монгол даяараа хүүхдүүд гараа угааж чадахгүй байна. Хүйтэнд гадаа жорлонтой байхад юун гараа угаах манатай байна. Хүүхдүүд хүйтний оргил үеэр өвчин их тусдаг нь үүнтэй ч холбоотой. Ханиад, томуу бол гарын ариун цэврээс шалтгаалдаг, халдварладаг.” Гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ