АБГББХ: Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.10.16/ хуралдаан 12 цаг 25 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байсангүй.
Хуралдаан “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх эсэх асуудлаар үргэлжилсэн. Төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, хэрэгжүүлж ирснийг сайд танилцуулгадаа онцолсон.
Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохиролцжээ. Иймд хэлэлцээрийн төслийг Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд зөвшилцөхөөр хүргүүлсэн гэлээ.
Уг хэлэлцээрийн төслийг Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хэлэлцэн дэмжиж, улмаар 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус улсын Хөдөлмөр, хүн ам, нийгмийн хамгааллын сайдад хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Энэхүү хэлэлцээр нь нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ гэдгийг Ж.Энхбаяр сайд танилцуулгадаа тодотгов.
Хэлэлцээр батлагдаж, хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улсад ажилласан, шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Казахстан Улсаас хуримтлалын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж, нийгмийн баталгаа нь сайжирна хэмээсэн.
Хэлэлцээр батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон Нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардахгүй юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл, хэлэлцээрийн төсөлд Бүгд Найрамдах Казахстан Улсад 1998 оноос хойш болон өмнө нь ажиллаж, амьдарч байсан монгол иргэдийн тэтгэвэр авах асуудлыг хэрхэн зохицуулсныг тодруулсан.
Бүгд Найрамдах Казахстан Улс 1998 оноос бүрэн хуримтлалын тогтолцоо руу шилжсэн. Иймд Монгол Улсын иргэн 1998 оноос өмнө Казахстан улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол тус улсад ажилласан жилийг нь тооцож, тэтгэврийг нь тогтооно. Харин Монгол Улсын иргэн 1998 оноос хойш Бүгд Найрамдах Казахстан улсад ажиллаж, шимтгэл төлсөн бол тус улсаасаа шимтгэл төлсөн хугацаандаа ногдох тэтгэврийг авна гэж ажлын хэсгээс хариулав.
Ингээд хэлэлцээрийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ.
Дараа нь “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтад “Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд хуульд заасны дагуу орох, гарах. Гишүүн үйл ажиллагаагаа явуулж байгаа нэгээс илүү хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллахгүй” гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.6 дахь заалтад “Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүний талаар Улсын Их Хурлын даргатай зөвшилцөх” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална” гэж тус тус заасныг гишүүдэд танилцууллаа.
Мөн Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, О.Амгаланбаатар нарыг хуваарилах саналыг, харин Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Б.Батбаатар нар дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ Улсын Их Хурлын даргад албан бичгээр хүргүүлснийг Байнгын хорооны дарга уншиж, танилцуулсан.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, Байнгын хорооны даргын танилцуулсан нэрсийг Улсын Их Хурлын даргатай зөвшилцөөд оруулж ирж байна гэж ойлгосон. Улсын Их Хурал ард түмний төлөөллийн байгууллага тул улс төрийн нам, эвслийн дарга нар дэд хорооны бүрэлдэхүүнд оролцох хүсэлтээ хүргүүлснийг хязгаарлах шаардлагагүй гэсэн байр суурьтай байлаа.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, П.Сайнзориг нар Тусгай хяналтын дэд хороо нь улсын онц чухал, маш нууц, гадаад болон дотоод аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хэлэлцдэг тул парламент дахь намын бүлгүүдийн саналыг албан ёсоор авч, зөвшилцөж оруулдаг. Иймд тус дэд хорооны бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэхгүй, таван гишүүнтэй байх нь зүйтэй гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Ингээд Тусгай хяналтын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Ганбат, О.Амгаланбаатар нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг дэмжлээ.