МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ч.Лодойсамбуу: Тайван байцгаа, нийслэлийн АН-ыг авах бодол надад алга
2024.10.17
Улстөр

Ч.Лодойсамбуу: Тайван байцгаа, нийслэлийн АН-ыг авах бодол надад алга

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуутай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Картаар худалдаж авдаг цаг өнгөрсөн. Сонгуульд дүнгээ л тавиуллаа-

-НИТХ дээр том уналтад орлоо. Орон нутагт бол олон нийт ардчилал гэсэн суурин дээр чамгүй сайн санал өгсөн. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг юу гэж дүгнэж байна вэ?

-Сонгууль бол дүн тавьдаг цаг. Дүнгээ л тавиуллаа. Сонгогчид нэр дэвшүүлэлтийг хардаг. Ямар багийнхан бэ гэдгийг хардаг. Хэр их итгэж байна вэ гэдэг нь л боллоо.

-“Нийслэлийн ялагдлын хамгийн том шалтгаан нь Х.Баттулга боллоо” гэж олон нийт шүүмжилж байна. Өөрөө байр сууриа илэрхийлэхдээ "Манайхан сул байсан гэдэгтэй санал нийлэхгүй" гэсэн. Үүнтэй санал нийлэх үү?

-“Х.Баттулга гэдэг хүн ийм тийм” гэж хувь хүн талаас нь хэлэх зүйл алга. Би олон нийттэй олон жил ажиллаа. Олон нийтийн санаа бодол ямархуу байгааг гадарлана.

Нийслэлд нэр дэвшүүлэлтэд онцгой оролцсон. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө авхуулаад л ялагдлаа шүү дээ. Сонгогчид тэнэг биш. Жишээ нь, хүүхдийн мөнгө амлаж сонгуульд өрсөлддөг цаг дууссан. Олон нийт хэрсүү болж байна. Монгол бол залуучуудын орон. Картаар худалдаж авдаг цаг өнгөрсөн. Энэ зэргийн зүйлээс болж ялагдаж байгаа шүү дээ.

Тиймээс тэр хуулийн төсөл дээр би гарын үсэг зураагүй. Хувь хүнтэй дайсагнасан юм биш. Зарчмаа л барьсан хэрэг.

Гэхдээ эрч хүчтэй, мундаг залуучууд нэр дэвшсэн. Нэг талаасаа нэг хүн нэр дэвшүүлчхэж байгаа. “Тэрний хүн” гээд хэлчихдэг. Тэр овгоосоо болоод ялагдчихаж байна. Нөгөө талаасаа тойрогтоо танигдаагүй, ажиллаагүй хүмүүс байсан. Олон нийт мэдэх хэрэгтэй.

-Тал хувьд нь өөрийнхөө хүмүүсийг оруулж ирэхэд нь танай намын залуус эсэргүүцэх, дуугарах, сөрөх боломж байгаагүй юу?

-Нийслэлийн нам тодорхой удирдлагатай. Намын дүрмээрээ удирдлага нь дэвшүүлэлтээ хийж, намын хороо нь шийддэг. Нийслэлийн нам аль талдаа байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Өөрсдөө шийдээд оруулж ирж байгаа л хэлбэр. Хөндлөнгөөс үг хэлэх боломжгүй.

-Сонгуулийн өмнө нийслэлийн АН-ыг удирдах саналаа хэлсэн л дээ-

-Намаа ялагдалд хүргэсэн Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт ажлаа өгөх нь тодорхой болчихлоо. Гэхдээ “Намын даргын суудлыг хэн дуртайд нь “май” гээд өгчихдөг зүйл биш” гэсэн байсан. Таныг хэлж байна гэж ойлгогдсон?

-Би авъя гээгүй шүү дээ, Т.Батцогтоос. Сонгуулийн өмнө “Энэ намд өөрийн чаддаг зүйлээ, энергиэ, бодлоо, төлөвлөгөөгөө зориулъя л гэсэн юм. Надад жишээ нь хот дээр хэрэгжүүлэхээр зурагласан судалгаа, төлөвлөгөө бий. Үүнийгээ яриад явах боломж байна. “Үнэхээр ялъя гэж байгаа бол хэдүүлээ хамтаръя” гэж хэлсэн. Зөвхөн бид хоёрын дунд болсон яриа шүү. Т.Батцогт дарга буруу хэлж байна лээ. Олон түвшинд яригдсан ч, гадагшаа мэдээлэгдээгүй.

Намын гишүүн юм бол “Намдаа хэрэг болчихъё, бугшсан муухай “юм”-наас нь салгах боломж олдвол өөрийгөө хүрз, жоотуу гэж бодоод ашиглуулмаар байна шүү дээ. Энэ үүднээс сонгуулийн өмнө санал тавьсан юм. Хүлээж аваагүй л дээ.

-Тэгвэл одоо нийслэлийн АН-ын даргад нэрээ дэвшүүлээд зориглоод үзэх бодол бий юу?

-Өнөөдөртөө надад тийм бодол алга. Юунд ч яарахгүй байна. Өчигдөр гэнэт тийм мэдээлэл хөвөрсөн. АН-ын бүлэг дээр ч тийм асуудал яригдаагүй. Сэтгүүлчид асуухаар нь би үнэнээ л хэлсэн. Сонгуулийн өмнө хэрэг болъё гэж хандсан. Гэхдээ намайг хэрэглээгүй. Одоо надад тийм сонирхол, амбиц алга. Улстөрд дөнгөж орж ирж байна. "Лодойсамбуу ингэх гэж байна" гээд тэвдээд байх шиг байна лээ. Тайван байцгаа, нийслэлийн АН-ыг авах бодол надад алга.

-Хотын дарга асан Э.Бат-Үүл нийслэлийн АН-ыг удирдах сонирхолтой байгаагаа зарлалаа. Нөгөө талд танай намын Э.Шижир “Ах нар одоо болно, амарцгаа” гэсэн байсан. Хууччуулаасаа өрсөж залуус нь дуугарах цаг болсон юм биш үү?

-Э.Шижир гишүүн өчигдөр “Ах нар одоо болно, амар” гэж жиргэсэн байсан. Өнөөдрийг хүртэл овоглож ирсэн хүмүүсээсээ салъя гэж байгаа нь зөв шүү дээ, ер нь. Хэн нэгэн ахыгаа, атаманыгаа биш зарчмаа дагая. Нам бол зарчмын, үзэл санааны нэгдэл болохоос биш гэр бүл, ах дүүс бүлэглээд эрх мэдэл хуваадаг газар биш. Нам бол хөгжлийн бодлого боловсруулж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд ялалтын хойноос уралддаг багийн тоглолт. Тэрнээс биш аль нэг довтлогч, хамгаалагчийн талд овоглуулаад явдаг юм биш. Ялангуяа манай үеийн залуус тэгэхгүй гэдэгт итгэлтэй байгаа. Цаашдаа хувь хүн биш үзэл санаан дээр төвлөрөх ёстой. Тэгж байж нам босч ирнэ. Монголчууд ардчиллыг зүрхэндээ, судсандаа мэдэрдэг хүмүүс. Ардчилсан нам дэмжлэг авахгүй байгаа нь үзэл санаанаасаа хол ухарсных. Хэдхэн хүнийг дагаж хуваагдаад л, залуучууд нь хоорондоо үзэлцээд л. 16, 17 жил сэтгүүлчээр ажиллахдаа харлаа. Тэрийг давтах юм бол шинэ үеийн улстөрч гэгдээд яах юм бэ. Энэ нам үзэл санаатай байх ёстой гэдгийг анхнаасаа хэлэх ёстой. Намайг хэллээ гээд шууд шийдэгдчихдэг юм биш. Гэхдээ үүний хойноос л явна.

-Гэхдээ Л.Гантөмөр сонгуульд ахиц үзүүлсэн нь үнэн-

-"МАН-тай нэг хөнжилд орсон Л.Гантөмөр намаа ялагдалд хүргэлээ" гэгдэж байна. Энэ хүнээс намаа салгах тухай УИХ-ын сонгуулийн өмнө яригдаад намжсан. Одоо дахин хөндөгдөж байх шиг байна?

-Нэг хөнжил гэж ярих нь зохимжгүй зүйл. Манайхан өөрсдөө тэгж яриад байгаа юм л даа. Сонгуульд ахиц үзүүлсэн үү гэвэл үзүүлсэн. Бодитойгоор л үнэлье. Жишээ нь, жилийн өмнө Ардчилсан нам ямархуу байдалтай байлаа. Жилийн дараа ямар болчхоод байгаа юм. Ямар том хэлэлцээрийн хүчинд 126 гишүүнтэй болов, Засгийн газар бүрэлдэв. Хамтарсан Засгийн газрын Эдийн засаг, Барилга хот байгуулалт, Хууль зүй, Цахим хөгжил гэхчлэн том салбаруудыг нь Ардчилсан нам авчихсан байна. Энэ чинь АН засаг барьж байна гэсэн үг шүү дээ.

Анх хамтарч байхад бид дургүйцэж байсан. “Шинэ МАНАН үүсэх гээд байна. Зорилгоо тодорхойл” гээд. Зорилго нь өнөөдрийг хүртэл бугшсан асуудлыг нэг гөвөөд шидчихье л гэж байгаа юм байна. Шийдэж чадахгүй гээд суух эрх бидэнд байхгүй. Ажил хийх гэж орж ирсэн болохоос хэн нэгнийг бүтэлгүйтэхийг хараад “Тэр хэлээ биз” гэж бах таваа хангах гэсэн юм биш. Харин хяналтаа тавъя. Төсөв дээр ч бид үзүүлнэ.

Хэн ч талцаж чадна. Хэн нэгнийг хэн нэгнээр солиод, улстөр хийгээд гадагшаа лайк цуглуулаад явбал гоё. Тэгээсэй гэж сонгоогүй л дээ. Сөрөг хүчин байж, засалцаад явах ёстой.

-Таныг ихэвчлэн АН-ын дарга Л.Гантөмөрийн хүн гэж ярьцгаадаг. Ярилцах боломж олдсоных энэ тал дээр хариулт өгөөч?

-Би ч бүгдийнх нь хүн байсан. Х.Баттулгын хүн гэж нэг хэсэг яригдаж байлаа. Өчигдөр гэхэд "Х.Баттулгын зургийг нэвтрүүлэгтээ тавьдаг" гээд л твиттерт явна лээ. Ц.Элбэгдоржийн хүн ч болж үзлээ. Хамт саунд суудаг гээд л. Одоо Л.Гантөмөрийн хүн гэж байна. Арван жилийн өмнө Боловсролын сайд байхад туслах биш хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж байлаа. Тэр үеэс л мэднэ. Хэн нэгний хүн байгаад дохио заавраар нь ажилладаг байсан бол миний нэвтрүүлэг явахгүй байсан. Би ч өөртөө ийм итгэлтэй байхгүй. Хэрэв Л.Гантөмөрийн хүн байсан бол хамтарсан Засгийн газар байгуулагдахад тэгж ярьж чадахгүй. Засгийн газар нь бодлого оруулж ирж байхад хуулийг нь буцаалгаад, төсвийн тодотгол дээр Г.Тэмүүлэн нартай тэгж дуугарахгүй байсан.

-"Зайгаа тавьж өг" гэж байгаа юм бол зай тавьж өгөх хэмжээний л байх хэрэгтэй-

-Танай нам сөрөг хүчин хэвээрээ байна уу, таны бодлоор?

-Одоо дөнгөж намрын чуулган эхэлж байна. Сөрөг хүчин алга болоогүй. Бид шүүмжлэх зүйлсээ шүүмжилнэ. Үзүүлнэ. Сөрөхийн тулд биш хяналтаа тавина. Төсөв ийм том орж ирсэн үед авлигаас яаж урьдчилан сэргийлэх вэ гэх мэт шаардлагууд тавина.

Бид ажил хийх гэж орж ирсэн гэдгийг л ойлгох хэрэгтэй. Нэг хөнжилд орчихлоо гээд гараа хумхиж суугаад хэдэн сайдын нэр хэлж, загнахыг өнгөрсөн хугацаанд хангалттай харсан, бид. Энэ ажил биш. Уг нь гаднаа их л гоё харагддаг. Жигтэйхэн тэмцэгч баатар. Монголын төлөө явж байгаа юм шүү. АН-ынхандаа хэлэх гэсэн юм.

-Юу хэлэх вэ?

-“Хамтарсан Засгийн газарт орсон сайд нар бүтэлгүйтээд хамаг алдаа нь АН-д ирэх гэж байна” гэж яриад байгаа юм. Би өөдөөс нь зөрүүлээд асуусан. “Үгүй, тэгээд ямар ч ажил хариуцаад бүтэлгүйтэх байсан бол яах гэж сонгуульд орсон юм”. Бид яагаад өөрсдөдөө ийм итгэлгүй болчихсон юм бэ. Зодуулсаар, дээрэлхүүлсээр байгаад зоддог хүнээ шүтдэг байдал руу шилжчихсэн байна. Үүнээс гарах хэрэгтэй. Өөрсдөдөө итгэлтэй болох хэрэгтэй. Ажил хийж чадна гэдэгтээ итгэх хэрэгтэй. Тэгж байж АН засаглаж чаддаг юм байна гэдгийг олон нийт ойлгоно. Дараа сонгуульд ялна шүү дээ. Засагладаггүй, мөнхийн сөрөг хүчин хийнэ гэж бодохгүй байна. Хэдэн цогтой тэмцэгч гэдэг шиг л, хэл амтай гишүүдтэй. Ийм байж болохгүй. Ардчилал үүнээс арай илүү үнэтэй л дээ.

-Танай намын хэдэн гишүүд орон нутгаар явж залуустай уулзаад ирсэн. залуучууд гочлон ямар асуудал хөндөж ярьж байна вэ?

-Залуус Ардчилсан намыг жаахан ардчилалтай байгаасай л гэж хүсэж байна лээ. Үнэнээ л хэлж байна лээ. "Та нар энэ намд үзэл санаа гэдэг зүйлийг авч ирвэл, нэг эгнээнд явахад бэлэн байна. Та нар чадах уу" гэсэн. Өөдөөс ийм л зүйл асууж байгаа юм. Ямар ч залуу босож ирээд "Юмны үнэ, зам хашаа, мал амьтан" гэж яриагүй. "Ардчилсан намыг ардчилалтай нам болгоё л доо" гэцгээсэн. Сонгуулийн бус үеэр залуучуудтай уулзаж бодлого, зорилгоо танилцуулна. Залуучууд л өөрсдөө бодлогоо тодорхойлцгооё. "Ах нар зайгаа тавьж өг" гээд суугаад байж болохгүй. Зайгаа тавьж өгөхөөр нь ордог бол ямар юмных нь улстөрч байх вэ дээ. "Зайгаа тавьж өг" гэж байгаа юм бол зай тавьж өгөх хэмжээний л байх хэрэгтэй. Зоригтой, шийдэмгий, бодлоготой, бодолтой, алсын хараатай байцгаая. Богино зайны, жижигхэн хүмүүсийн дохиураар нэгэнтэйгээ зодолдоод байж болохгүй. Парламентад сонгогдсон залуучууд зарчим нэгтэй байгаа.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.