Т.Мөнхсайхан: Үндэсний хэмжээнд яаралтай тусламжийг 2 цагийн дотор хүргэдэг тогтолцоонд шилжинэ
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнөөдөр “Монгол Улсын хаана ч байсан ялгаагүй 2 цагийн дотор яаралтай тусламжийг иргэндээ хүргэдэг тогтолцоонд шилжинэ” хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр Төрийн ордонд болж буй Монголын эмч нарын VII их хурлын үеэр нийгмийн эрүүл мэнд, хүний нөөцийн бүрдүүлэлт, эмийн чанар, салбарын санхүүжилт зэрэг асуудлаар танилцуулга хийсэн юм. Тус үеэр дээрх мэдэгдлийг хийв.
Т.Мөнхсайхан сайд, "Эрүүл мэндийг эмнэлгээс хайх биш. Өдөр тутмын амьдралаасаа эрүүл мэндийг хайх хэрэгтэй" хэмээн хэлсэн ДЭМБ-ын Ерөнхий захирлын үгнээс ярианыхаа эхэнд эшлэв. Тэрбээр танилцуулгадаа "Сүүлийн жилүүдэд эрт илрүүлгийг нийт иргэдийн дунд зохион байгуулж, 1.5 сая хүнийг хамрууллаа. Илрүүлгийн дүнг харахад, манай иргэдийн дунд өвчлөл өндөр байна. Энэ нь өвчлөмтгий иргэд илүүтэй хамруулсантай холбоотой байж болох юм. Тиймээс бид цаашид бага зардлаар илүү олон өвчлөлийг илрүүлж чадахуйц нийгмийн эрүүл мэндийн цогц бодлогыг хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх тогтолцоог бүрдүүлнэ.
Эрүүл мэндийн салбарт өнөөдөр 66 мянган эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Эмч нарынхаа тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа ч орон нутаг боловсон хүчний дутагдалтай хэвээр байна. Иймд хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж, орон нутагт ажиллах эмч нарыг тоог нэмнэ. Тухайлбал, ахлах, зөвлөх зэрэг авахын тулд орон нутагт ажилласан байх шаардлагыг тавьж эхэлсэн.
Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээнд төвлөрлийг сааруулахад салбарын бодлого чиглэнэ. Тухайн иргэн аль болох ажиллаж амьдарч буй бүс нутгаасаа гаралгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авдаг болно. Тухайлбал, үндэсний хэмжээнд агаарын болон газрын яаралтай тусламжийг цогцоор нь шийдэж, Монгол Улсын хаана ч байсан ялгаагүй 2 цагийн дотор өвчтөнд яаралтай тусламжийн эмчилгээ үйлчилгээ хүрдэг тогтолцоонд шилжинэ. Багийн түвшинд яаралтай тусламж үзүүлэх чадвартай эмч, эмнэлгийн ажилтнуудыг богино хугацаанд сургаж бэлтгэнэ.
Түүнчлэн орон нутагт хавдрын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бол Улаанбаатар дахь санхүүжилтээс 30-50 хувиар илүү байна гэсэн шийдвэрийг эхнээс нь гаргаж байна. Одоо бид Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа ХСҮТ, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг хэдэн эмнэлэг рүүгээ хандаж байна. Үүний оронд шинэ төлөвлөлтийн хүрээнд 14 хот бүрд Нэгдсэн эмнэлгийг бий болгоно. Энэ нь иргэдэд тусламж үйлчилгээ ойртоод зогсохгүй авто замын түгжрэл буурахад нөлөөлнө.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль энэ сараас хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжсэнээр нэгдсэн худалдан авалтын тогтолцоонд шилжиж байна. Ирэх сараас эхний ээлжийн эмүүд орж ирнэ. Энэхүү тогтолцоо нь урт хугацаандаа үр дүнгээ өгнө. Жишээлбэл, Шинэ Зеланд улс 19 жилийн хугацаанд эмийнхээ өртгийг 66 дахин бууруулж чадсан. Тус тогтолцоонд шилжсэнээр Монгол Улсын өнцөг булан бүрд нэг эмийг нэг үнээр адил чанартайгаар борлуулдаг эхлэл тавигдсан гэсэн үг. Цаашдаа бүртгэлийн системээр эм бүрийг хил гаалиар орж ирснээс нь эмийн сангаар борлуулах хүртэлх бүх шатанд хяналт тавьдаг болно. Ингэснээр улсын хэмжээнд эмийн нөөц тасалддаг явдал үгүй болно.
Өнөөдрийн байдлаар, эрүүл мэндийн салбар цахимжсан гэж байгаа боловч үр дүн хангалтгүй байна. Өвчтөн аль ч эмнэлэгт очсон бай, тухайн иргэний мэдээллийг үзэж буй эмч нь цахимаас хардаг болно. Ирэх оноос уг тогтолцоо хэрэгжиж эхэлснээр, эмч өвчтөний хэн хэнд нь цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэх бололцоо бүрдэнэ.
Эрүүл мэндийн даатгалын сан алдагдалтай байгаа тул ирэх оны төсөвт тус сангийн мөнгийг 18,6 хувиар өсгөсөн дүнтэйгээр УИХ-д өргөн барьсан. Нэг талдаа сангийн орлогыг нэмэгдүүлэх, нөгөөтээгүүр зарцуулалтыг оновчтой болгох нь нэн чухал байна. Ирэх жил цалин урамшууллыг 20 хувиар нэмэгдүүлж болохуйц дүр зураг харагдаж байгаа ба 2026-2027 онд өнөөгийн авч буй цалинг 100 хувь хүртэл нэмэх боломжтой" гэлээ.