"Зургаан сайдын 87 тэрбумын зээл тэглэсэн тушаалыг хүчингүй болгоно"
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр /2024.10.18/ Боловсролын зээлийн сангийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Боловсролын зээлийн сангийн асуудлаар хэлэлцэж, ажлын хэсэг байгуулсан. Миний бие ажлын хэсгийг ахална. Ажлын хэсгийн гишүүдээр Ш.Бямбасүрэн, Ж.Галбадрах, Г.Дамдинням, О.Саранчулуун, Б.Найдалаа, М.Сарнай, С.Эрдэнэбат нар ажиллана. Бид салбар яам болон бусад байгууллагатай хамтран ажиллана. Авлигатай тэмцэх газрын дүгнэлтийг П.Наранбаяр сайд танилцуулсан. Уг дүгнэлтэд, БЗС-гийн тэглэлт 2008 оноос хойш зургаан сайдын 17 тушаалаар 800 орчим суралцагчдын өнөөдрийн ханшаар 87.6 тэрбум төгрөгийг тэглэсэн. Нэг ёсондоо хууль бус сайдын тушаалууд гарсан гэсэн үг.
Энийг хууль бус учраас хүчингүй болгох ёстой гэсэн дүгнэлтийг АТГ-аас 2024 оны есдүгээр сарын 30-нд буюу 14 хоногийн өмнөхөн гаргасан.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дүгнэлтэд үндэслэж, шийдвэрүүдийг хүчингүй болгоно. Тодруулбал, 2011 оны долдугаар сарын 9-ний Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8 зүйлд "Аливаа татвар төлөгчдийн мөнгөөр олгож байгаа суралцагчийн зээлийг чөлөөлөх, хөнгөлөх, хүчингүй болгохыг журмыг УИХ тогтооно гэсэн. Гэхдээ УИХ-аас хэзээ ч журам гараагүй учраас хууль зөрчиж үе үеийн сайд нарын тушаал гаргасан байна. Боловсролын зээлийн сангаас өнөөдрийн байдлаар 364 тэрбум төгрөгийн гадаад зээлийг олгосон байна. Эндээс чөлөөлөгдсөн дүн нь 800 суралцагчийн 87.6 тэрбум төгрөг байгаа юм. Эргэн төлөлт нь 8.8 тэрбум төгрөг. Энэ зээл татвар төлөгчдийн мөнгө байсан учраас хүчингүй болгох ёстой гэж үзэж байна. Нэг улстөрч рүү чиглэх гээгүй. Хэн нэгний хүүхэд зээл авсан гэх мэдээлэл байхгүй. Энэ зээлийн сангийн журмыг шинэчлэх ёстой" гэв.