МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллав
2024.10.22
Улстөр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллав

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Ч.Анар, Н.Батсүмбэрэл, Г.Хосбаяр, Б.Жаргалан, Э.Болормаа, Х.Жангабыл, Х.Тэмүүжин нар өнөөдөр (2024.10.21) Батлан хамгаалах яам (БХЯ), Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын үйл ажиллагаатай танилцлаа.

Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлого, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй санал солилцов. Уулзалтад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ч.Гандирваа, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ц.Одхүү болон бусад газар, хэлтсийн дарга нар байлцлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчний бодлого, зорилт, үйл ажиллагааны талаар ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулсан юм. Мөн тус штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Дугаррагчаа Зэвсэгт хүчний Нэгдсэн ажиллагааны төв, зэвсэгт хүчинд ашиглагдаж байгаа зэвсэг, техникийн талаар мэдээлэл хийв. Байнгын хорооны гишүүд тус Нэгдсэн ажиллагааны төв болон зэвсэг, техниктэй танилцаж, “Бүх цэргийн Их Хар сүлд”-энд хүндэтгэл үзүүллээ.