МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.24
Улстөр

Б.Хэрлэн: Төрийн албаны зөвлөлийн чиг үүрэгтэй уялдуулах хэрэгтэй байна

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийгээд байгаа билээ. Ирэх оны төсөвтэй холбоотойгоор Ёс зүй, дэгийн байнгын хороо хуралдсан. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Хэрлэн байр сууриа илэрхийлж асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:

Нэгдүгээрт, төрийн бүх байгууллага 2013 оноос үр дүнд суурилсан менежмент буюу хөтөлбөрөөр төсөвлөх аргазүйг хэрэгжүүлж байгаа. Төсвөөс зарцуулж байгаа 1 төгрөг ч гэсэн тодорхой үр дүнд чиглэж, тодорхой нэг хөтөлбөрт хамаарах ёстой гэсэн санаагаар төсөв, хөтөлбөрийг хийж яваа. Үүний тулд тухайн байгууллагын чиг үүрэг, бүтэц, зохион байгуулалт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв гээд бүх зүйлийг уялдуулж цогцоор авч үзэх ёстой.

Төрийн албаны зөвлөл 2025 оны төсвөө 10 хөтөлбөрөөр төлөвлөсөн байна. Төсвөө боловсруулахдаа Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргүүдийнхээ дагуу хөтөлбөрүүдээ хийв үү. Учир нь 2025 оны төсвийн төсөлд “Төрийн албан тухай хуулийг эрчимжүүлнэ” гэж төлөвлөжээ. Тэгэхээр Төрийн албаны зөвлөл өнөөдөр хууль санаачлах эрхтэй байгууллага мөн үү,  танай байгууллагын бүрэн эрхэд хууль санаачлах тухай туссан уу. Ер нь хөтөлбөрөөр төсөвлөх гэсэн энэ зарчмаар ажиллахад чиг үүрэг болоод төсөв мөнгөтэйгөө уялдуулахад ямар асуудал тулгарч байна вэ.

Хоёрдугаарт, Төрийн албаны зөвлөлийн цалин хөлс болон нэмэгдэл урамшүуллын нийт хэмжээ 7.211.9 тэрбум төгрөг. Харин бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний төлбөр нь 8.397.7 тэрбум гэж байна. Тэгэхээр Төрийн албаны орон тоог нэмэх хэрэгтэй гэсэн үг үү. Өөрөөр хэлбэл, нийт албан хаагчдынхаа цалингийн сангаас давсан өртөг зардлаар бусдаар ажил гүйцэтгүүлэхээр байна. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийг цаашид бэхжүүлье гэвэл 80 хүний орон тоог өсгөж, цаашид 160 хүний орон тоотой ажиллах зайлшгүй шаардлага байна гэдэг утга эндээс харагдаж байна. Үүнийг тайлбарлах хэрэгтэй.

Түүний асуултад Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хариуллаа.