М.Бадамсүрэн: Газрын тос боловсруулах үйлдвэрийг цогцоор нь авч үзэх ёстой
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2024.10.30) хуралдаж, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Тавантолгой түлш” ХХК-ийн мэдээллийг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн асуулт асууж, хариулт авлаа.
Үйлдвэр цаашид тогтвортой ажиллаж чадах, эсэх дээр эргэлзэж байгаагаа илэрхийлээд, үйлдвэрийн түүхий эд болох газрын тосны хайгуул, олборлолт, нөөц нэмэгдүүлэх ажлыг бид дангаараа бүрдүүлж, хэвийн ажиллуулаад явах боломж харагдахгүй байна гэлээ. Үүнд яам болон мэргэжлийн байгууллагууд орон нутгийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын эсэргүүцлээс болсон гэх хариуцлагагүй тайлбар хийдгийг Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн онцгой анхааруулж, түүхий эдийг өөр эх үүсвэрээс буюу хөрш орнууд, мөн Энэтхэг болон бусад улс орнуудаас авах талаар төлөвлөж, ярьж байгаа зүйл бий эсэхийг асууж, хариулт авсан юм.
Тус компанийг Улаанбаатар хотын өмчлөлд шилжүүлэхдээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн өр төлбөрийг хэрхсэн талаар асууж, “Эрдэнэс Тавантолгой” ХК охин компаниа хувьцаа эзэмшигчдээс асуухгүйгээр дур мэдэн бусдад шилжүүлж буй нь буруу гэж үзэж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн компани урт, дунд, богино хугацааны стратеги төлөвлөгөөгөө боловсруулж, хөрөнгө оруулалтын өгөөжийг тайлагнаж, нийслэл хотоо утаагүй болгох үндсэн зорилго зорилтоо хэрэгжүүлж ажиллах, агаарын бохирдлын хэмжилт, шинжилгээг олон цэгт, олон үзүүлэлтээр хийж, хүхэр, азотын агууламжийг тодорхойлж, үр дүнг нийтэд цаг алдалгүй мэдээлж ажилладаг байх, түлш болон зуухыг хэрхэн ашиглах талаар хэрэглэгчдэд тогтмол зөвлөгөө, мэдээлэл өгөх нь чухал байгааг анхааруулав. Үйлдвэрлэл, түлшнийхээ чанарыг шинэчлэн сайжруулах, компаниа алдагдалгүй ажиллуулах, утаа буурсан гэх мэтээр иргэдийг хуурахгүй байх, шилэн дансаа хөтөлж төсөв, санхүүгийн зөрчил дутагдалгүй ажиллахыг мөн зөвлөж, өөрсдөдөө зориулж боловсруулсан стандартынхаа шаардлагуудыг дээшлүүлж, олон улсын жишигт хүргэхэд онцгой анхаарах шаардлагатайг тэмдэглэсэн юм. Түүнчлэн сайжруулсан шахмал түлшний шийдэл бол анхнаасаа улстөржсөн шийдэл байсныг ч хөндөн ярьж, цаашид бүтээгдэхүүний хөнөөлт чанарыг бууруулахын тулд баяжуулсан эрчим хүчний нүүрс ашиглах талаар туршилт, судалгаа хийж ажиллах нь зүйтэй гэлээ.