МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Байнгын хорооны дарга Ч.Ундрам Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа
2024.10.31
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Байнгын хорооны дарга Ч.Ундрам Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй уулзлаа

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам өнөөдөр /2024.10.31/ Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад оролцогчид багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, боловсон хүчний дутагдлыг оновчтой шийдвэрлэх, цаашлаад хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих нөхцөлийг сайжруулах, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах зэрэг боловсролын салбарт тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон.

Уулзалтын эхэнд Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний холбооны дарга З.Цогтгэрэл, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд боловсролын салбарын хөрөнгө оруулалтын төсөв буурсныг онцлон тэмдэглээд Улсын Их Хурлаар ирэх оны төсвийн төсөл хэлэлцэж буй энэ цаг үед багшийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж боловсролын салбарт ажиллаж буй багш, ажилтны үндсэн цалинг улсын дундаж цалингийн түвшинд хүргэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой зардлыг тусгах, багш нарыг орон сууцжуулах асуудалд анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Байнгын хорооны дарга Ч.Ундрам, ирэх оны боловсролын салбарын хөрөнгө оруулалт, төсөв буураагүйг тодотгоод Байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилттэй холбоотой асуудлаар саналаа Ажлын хэсэгт хүргүүлэн ажилласан гэж байлаа.

Мөн багш нарын цалин урамшууллыг нэмэгдүүлэх, тэднийг орон сууцжуулах зэрэг нийгмийн хамгааллын асуудалд Байнгын хороо онцгойлон анхаарч ажиллахаа тодотгохын зэрэгцээ Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтэд үнэлгээ өгөх, хэрэгжилтийг хангах, төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллаж байгааг дуулгасан.

ШИНЭ МЭДЭЭ