МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүд Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Теотой уулзлаа
2024.11.05
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүд Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Теотой уулзлаа

УИХ-ын гишүүн, Монгол-Сингапурын парламентын бүлгийн дарга А.Ариунзаяа Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Теотой уулзлаа. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, манай хоёр орон “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн үр дүнд 5 намын төлөөлөлтэй шинэ парламент үйл ажиллагаагаа эхлүүлж, 3 намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар байгуулагдсан гэлээ.

Тэрбээр, хоёр улсын парламент дахь найрамдлын бүлэг хоорондын солилцоо, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр улсын парламент хоорондын ажил хэрэгч уулзалт, ойр дотно хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж, парламентын бүлэг зэрэг бүхий л түвшний төлөөлөгчдийн харилцан солилцоог идэвхжүүлэх нь уламжлалт харилцааг бэхжүүлэх нэгэн үндэс суурь болно гэдэгт эргэлзэхгүй байна хэмээлээ.

Бүгд найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрик Тео, Монгол, Сингапурын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин хөгжиж байгааг цохон дурдав. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх болон “Шинэ Зуунмод” хотын мастер төлөвлөгөөг боловсруулах, иргэний агаарын тээврийг сайжруулах, Үндэсний баялгийн сангийн менежментийг тогтворжуулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг карбон кредитийн зах зээлд нэвтрэх зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Эдгээр төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг сайжруулах, үр дүнд хүргэхэд хоёр улсын парламентын үүрэг, оролцоо чухлыг онцоллоо.

Мөн тэрээр ирэх 2025 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг эдгээр хамтын ажиллагааны ололт амжилтаар угтана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ. Уулзалтад Монгол-Сингапурын парламентын бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, П.Ганзориг, Ц.Мөнхтуяа, Л.Энхнасан нар оролцлоо.