МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Энхтүвшин: Төсвийн урсгал зардлыг ингэж өндөр батлах юм бол УИХ бараг тарчихсан нь дээр
2024.11.06
Улстөр

Д.Энхтүвшин: Төсвийн урсгал зардлыг ингэж өндөр батлах юм бол УИХ бараг тарчихсан нь дээр

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин, Д.Энхтүвшин нарын гишүүд Ерөнхий сайдад 2025 оны төсвийн төслөө эргүүлэн татаж, урсгал зардлыг нь 3.6 их наяд төгрөгөөр танах шаардлага өчигдөр хүргүүлсэн. Мөн Д.Энхтүвшин гишүүнийг төсвийн төсөл дээр эсрэг байр суурьтай байсан учраас УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай асуудал яригдаж байгаа гэх мэдээлэл цахим орчинд гарсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Ирэх оны төсвийн урсгал зардлыг 3.6 их наяд төгрөгөөр танах боломжтой гэж байна. Чухам яагаад ингэж үзэж байгаа юм бэ?

-Энэ жилийн төсөв бол сонгуулийн жил гэдэг утгаараа нэлээн томорсон. Гэтэл ирэх жилийн төсвийг үүнээс ч нэмэгдүүлж оруулж ирсэн. Гол нь урсгал зардлыг нь нэлээд нэмэгдүүлсэн. Үүнийх нь задаргааг аваад үзэхэд ойлгоход төвөгтэй, том зардал их байгаа. Жишээлбэл, гадаад томилолт, зочны зардал маш их өссөн. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ гэсэн нэр тавьчихсан ч яг ямар ажил хийлгэх нь тодорхойгүй. Энэ мэтчилэн төсвийн хэт тэлэлт маань буцаад инфляцийг нэмэгдүүлэх магадлалтай. Эдийн засагчидаар бид судалгаа хийлгэсэн. Гадаад валютын нөөц болоод валютын ханшид ачаалал өгнө. Тийм учраас төсвийн урсгал зардлыг нь ядаж энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлийнхээ хэмжээнд байлгая.

Тэр нь 3.6 их наяд төгрөг болж байна. Харин хаанаас нь юуг нь танахаа Сангийн яам, Засгийн газар өөрсдөө шийдээд оруулж ирэх нь зөв байх. Гишүүдийн зүгээс төсвийг багасгах гэж их үзсэн. Гэвч явж байгаа процессыг харахад бараг л танах зүйл байхгүй. Засгийн газрын хувьд ч энэ талын санал гаргахгүй. Санал хураалт ч гэсэн хайрцаглах маягтай. Зарим нэг унасан саналыг дахин санал хураалгаж дэмжүүлэх зэргээр явж байгаа учраас Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин бид дөрөв Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.

-Шаардлагынхаа хариуг энэ сарын 8-ны өдөр авахаар бичсэн байсан. Яагаад энэ өдрийг сонгосон юм бэ. Хэрэв шаардлагыг тань хүлээж авахгүй бол яах юм бэ?

-Одоо цаг нь тулчихсан. Энэ сарын 15-ны дотор баталж чадахгүй бол УИХ тарах хуулийн заалттай. Миний хувьд энэ урсгал зардлыг ингэж өндөр чигээр нь батлах юм бол УИХ бараг тарчихсан нь дээр гэж үзэж байгаа. Яагаад наймны өдрийг сонгосон бэ гэхээр төсвийн төслийг буцаан татаад нэн яаралтай горимоор оруулж ирээд хэлэлцүүлэх боломжтой хугацааг нь тооцож сонгосон. Бид өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийг дуустал харсан. Ингээд өнөөдөр (өчигдөр) шаардлагаа хүргүүлж байгаа юм.

-Ерөнхий сайд гадагшаа томилолтоор явчихсан үе таарлаа. Тэгэхээр шаардлагыг тань хүлээж авна гэдэгт хэр итгэлтэй байна вэ?

-Төрийн институци учраас энэ асуудлыг хүлээж аваад шийдэх байх л гэж бодож байна. Ерөнхий сайдын ажлын алба, ЗГХЭГ гээд олон газар бий. Түүнээс биш Ерөнхий сайдыг ирэхийг хүлээж ажил гацдаггүй байх гэж бодож байгаа.

-Та хувийн хэвшлийн төлөөлөл болж УИХ-ын гишүүн болсон. Тэгэхээр татварын хувь, бодлого дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ 3.6 их наяд төгрөгийн урсгал зардлыг танахгүйгээр баталлаа гэж бодоход энэ хэрээрээ татвар төлөгчдийн ачаалал л нэмэгдэнэ. Бизнес эрхлэгчид, иргэд нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ гээд бусад татвараараа төлнө. Харин энэ хэрийн мөнгийг төсвөөс таначих юм бол аж ахуйн нэгжийн хувьд том дэмжлэг болно. Инфляцийг бууруулах боломжтой. Мөн жижиг дунд үйлдвэрүүдийн төлдөг татварын бараг тал хувь нь болж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гарчиг нь их гоё байгаа. Гэхдээ дотор нь хэрэгжүүлэх үйл ажиллагааны хувьд хангалттай заалт ороогүй гэж бодож байна. Өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн дансыг нь шууд хаадаг. Үүнээс болж үйл ажиллагаа нь доголддог. Улмаар дампуурдаг байдал газар авсан. Мөнгө нь орж ирээгүй байхад шууд борлуулалт тооцогдож бүртгэгдээд НӨАТ төлөх үүрэг хүлээлгэдэг. Орж ирээгүй мөнгөн дээрээ НӨАТ төлнө гэдэг чинь аж ахуйн нэгжүүдэд эргэлтйин хөрөнгөн дээр нь маш их дарамт ирж байгаа юм. Үүнийгээ төлж чадахгүй бол дансыг нь хаах эрсдэлтэй байна. Мөн хууль дээр өөрөөр заасан хэрнээ хэрэгжилт дээр өөрөөр тайлбарладаг.

Амьдралд нийцэхгүй хуулийн заалтууд дээр үндэслэж, татвар төлөхийг шаарддаг зүйл байна. Энэ мэтчилэн асуудлууд байгаа учраас татварын орчныг сайжруулж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох хэрэгтэй. Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн бодлогын зөвлөл гэж байгаа. Тэнд ядаж эхний ээлжинд арга аргачлал, давхардсан хувь хэмжээ, татвар хураалт, маргаантай холбоотой асуудлуудын судалгааг хийлгэж, танилцуулга хийе гэж бодож байгаа. Одоо аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын 540 тэрбум төгрөгийн өр байна. Ийм үед төсвийг ингэж өндөр алдагдалтай баталчих юм бол татварын байцаагч нар аж ахуйн нэгжүүд дээр очоод дансыг нь хаана гэсэн үг. Ингээд ирэхээр ирэх хавар амьдрал нэлээд хүнд байх дүр зураг гарч байгаа учраас наана нь засахын тулд л ажиллахыг зорьж байна.

-Таныг төсвийн төслийг эсэргүүцсэн учраас УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудал яригдсан гээд байгаа. Үнэхээр ийм зүйл болсон уу?

-УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна гэдэг асуудал байхгүй. Намын бүлгийн нэгдсэн байр суурийг эсэргүүцсэн бол сануулах зэрэг арга хэмжээ авах журмын төсөл хэлэлцэж байгаа юм билээ. Миний хувьд МАН-ын бүлгийн хамгийн анхны хурал дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэхэд эсэргүүцсэн. Миний хувьд сонгуулийн амлалтуудаас дөрөвхөн зүйлийг л ярьж байсан. Гэвч одоо тэд бүгд байхгүй болчихсон.

-Тэр нь юу вэ?

-Төвийн зарлага ДНБ-ий 25 хувиас ихгүй байх. Засгийн газрын гадаад өр ДНБ-ий 40 хувиас байнга доошоо байлгах. Инфляцийг нэг оронтой тоонд байлгана. Эдийн засгийн өсөлтийг тогтмол зургаагаас дээш хувьтай байлгах зэрэг заалтууд байсан.

-Та өөрийгөө МАН-ын гишүүн биш гэсэн байсан. Хэрэв ийм бол эргүүлэн татах үндэслэл болно гэсэн зүйлийг цахим орчинд хүмүүс илэрхийлж байна?

-Татуулах, зүгээр нэг кнопчин оруулж ирэх хүсэлтэй хүн олон байгаа байх. Гэвч хуулиараа тийм боломж байхгүй. Би 1999 онд Монгол ардын хувьсгалт нам гэж байхад гишүүнээр элсэж байсан. Түүнээс хойш нам хоёр салаад эргэж нийлээд олон зүйл болсон. Энэ хооронд би МАН-д гишүүнээр элсээгүй. Тийм болохоор МАН-ын үнэмлэх байхгүй. Гэхдээ яаж залгамжилж явсныг би мэдэхгүй. Энэ улс орныг өөрчлөх, хөгжүүлэхэд хамгийн нөлөөтэй улс төрийн хүчин бол МАН байгаа юм. Гэвч өнөөдөр нам нь ард иргэдийнхээ дээр гарчихсан байна. Төрийн барих ард түмний эрх мэдэл нь УИХ-аа сонгож, түүнээс нь Засгийн газраа байгуулж явах учиртай. Харамсалтай нь өнөөдөр намын цөөхөн хүрээллээс томилгоонууд хийгддэг. УИХ-д нэр дэвших үгүйг, чуулганд юу хэлэх хэлэхгүйг шийдэж байна. Ингээд эрэмбэ нь буруу байгааг өөрчлөх хүсэлтэй намын гишүүд олон байдаг юм байна лээ. Сая намайг төсөвтэй холбоотой санал хэлсний дараа МАН-ын гишүүд холбогдож байр сууриа илэрхийлсэн. Хамтарч ажиллахыг ч хүссэн.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

ШИНЭ МЭДЭЭ