МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ирэх оны төсөв "тодотгол" хийх гэсэн тогтоолтойгоор батлагдлаа
2024.11.11
Эдийн засаг, Худалдаа

Ирэх оны төсөв "тодотгол" хийх гэсэн тогтоолтойгоор батлагдлаа

Түүхэнд байхгүй том төсөвтэй ирэх оны төсөв /2024.11.08/-ны өдөр батлагдлаа. Ингэхдээ Монгол Улсын төсөвт 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23,140,589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26,485,278.0 сая төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 3,932,432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээ 2025 оны төсвийн жилд 3,500,000.0 сая төгрөг байхаар баталлаа.

Засгийн газар эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэх 14 мега төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд 2025 оны төсвийг бүсчилсэн хөгжилд зайлшгүй шаардлагатай суурь дэд бүтцийг шийдэх, орон нутаг бие даан хөгжихөд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд чиглүүлснээрээ өмнөх жилүүдээс ялгаатай бодлогыг баримталсан байна.

Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад төсвийн зардлыг танаx шаардлага тавьж УИX-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Энxтүвшин, Ж.Баярмаа, Б.Түвшин нарын нэр бүхий гишүүд Засгийн газарт шаардлага xүргүүлсэн, үүний үр дүн гарсан билээ.

УИХ-ын Г.Тэмүүлэн:

Төсөв бол эдийн засгийн салшгүй хэсэг. Иргэдийн бодит орлогыг хамгаалах, эдийн засгаа болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс миний бие 8 сараас хойш Засгийн газарт тавьж байгаа шаардлага хэвээрээ. Хэдий 35.8 их наядын хэт үрэлгэн төсөв олонхын саналаар батлагдсан ч ирэх оны төсөвт тодотгол хийх, үргүй зардлуудыг бууруулах эрхээ УИХ авч үлдлээ. Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байлгах, төсвийн үрэлгэн урсгал зардлыг бууруулж ДАХИН төлөвлөж ТОДОТГОЛЫГ 12 сардаа багтаан оруулж ирэх үүрэг даалгаврыг Засгийн газарт өглөө.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

Энэ жилийн төсөв өнгөрсөн онтой харьцуулахад 13 их наядаар нэмэгдсэн. Үүнээс 3,6 их наядыг хасах төсвийн тодотгол хийгдэхээр боллоо. Үүнийг хассан ч түүхэнд байхгүй том төсөв батлагдсан. Урсгал зардлыг нь нэлээд нэмэгдүүлсэн. Үүнийх нь задаргааг авч үзэхэд ойлгоход төвөгтэй, том зардал их байгаа. Жишээлбэл, гадаад томилолт, зочны зардал маш их өссөн. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ гэсэн нэр тавьчихсан ч яг ямар ажил хийлгэх нь тодорхойгүй. Энэ мэтчилэн төсвийн хэт тэлэлт буцаад инфляцыг нэмэгдүүлэх магадлалтай.

Анхны 126 гишүүдээс бүрдсэн энэ парламентын эхний төсөв шүүмжлэл, эсэргүүцэлтэй халз тулсан ирээдүйд хийгдэх өөдрөг төлөвлөгөөтэй хугацаандаа батлагдлаа. Тухайлбал, 2028 он гэхэд Монгол Улсын хатуу хучилттай̆ авто зам 4,440 км-ээр нэмэгдэх бол эрчим хүчний салбарт 1,650.9 МВТ цахилгаан, дулааны эх үүсвэр шинээр бий болж, 1,519 км цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эдгээр хөгжлийн бүтээн байгуулалтаас гадна нийгмийн салбарын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, 93 сургууль, 67 цэцэрлэг, 37 эмнэлэг, 22 дотуур байр, болон соёл, спорт чиглэлийн̆н 60, нийгмийн хамгааллын 17 төслийг ашиглалтад оруулах аж. Үүн дээр зарим гишүүд учир дутагдал байгааг онцолсон юм.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал


Эдийн засаг өсөж, төсөв тэлж байгаа үед Үндэсний баялгийн сан тэр дундаа Ирээдүйн өв санд АМНАТ-ийн 65 хувийг төвлөрүүлж явах ёстой байсан. Ингэж бид ирээдүйд гарч болох аливаа эрсдэлээс сэргийлсэн хуримтлалтай болох юм. Тухайлбал, 2024-2025 онд нийтдээ 3.0 их наяд төгрөгийн АМНАТ Ирээдүйн өв санд хуримлагдаж болох байсан. Үүнийг бид цаашдаа засах ёстой.

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

УИХ болон Засгийн газар хүн төвтэй бодлого явуулна гэсээ зарчимтай байгаа. Энэ нь боловсрол, эрүүл мэндийн асуудал дээр анхаарна гэсэн үг. Гэтэл 2025 оны төсөв томорсон ч шинээр эмнэлэг, сургууль, цэцэрлэгт төсөв тавиагүй нь харамсалтай. Монгол Улсын хүн ам өсөж байхад, төсөв дээр дээрх салбарын төсвийг заавал тавиад явах хэрэгтэй. Бүсээ чангалж болох салбар гэж бий. Түүнчлэн төсөв хэлэлцэж буй процессыг өөрчлөх цаг болсон.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

 2025 оны төсөвт эрчим хүчний 9 шинэ төсөл хэрэгжүүлнэ,200 орчим тэрбум төгрөг зарцуулахаар байгаа. Гэтэл цахилгаан эрчим хүчийг 1 мегВТ-аар өсгөнө гэсэн төсөл орж ирээгүйд сэтгэл дундуур байгаа. Тулгамдаж буй асуудлаа эрэмбэлээд эрчим хүчний жижиг эх үүсвэрээ улсын төсвөөр, том эх үүсвэрээ гадны хөрөнгө оруулалтаар  хийх боломж бий.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлд туссан дээрх бодлогыг хэрэгжүүлснээр ирэх онд 83 сая тонн нүүрс, 1.8 сая тонн зэсийн баяжмал экспортолж, гадаад худалдааны нийт эргэлтийг 32.8 тэрбум ам.долларт, эдийн засгийн өсөлтийг 8.0 хувьд хүргэж, нэгдсэн төсвийн нийт орлогын хэмжээг 36.8 их наяд төгрөгт хүрэхээр тооцжээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад оршино. Тиймээс нээлттэй, ил тод байх, цөөнхийн саналыг хүндэтгэн асуудлыг олон ургалч үзэл бодлын үүднээс чөлөөтэй хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зарчим чухал. Тиймээс УИХ өнөөдөр 2025 оны төсвийн хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол баталлаа гэдгийг онцолсон юм.

УИХ-ын гишүүдээс 2025 оны төсвийн төслийг олон талаас нь шүүн хэлэлцэж, Засгийн газраас дэвшүүлсэн арга хэмжээнүүдийн эрэмбэ, дэс дарааллыг нягтлах талаар олон санал, шаардлага гаргалаа. Ийнхүү ирэх оны төсөв 35.8 их наядын зарлагатай байхаар батлагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ