2024.10.15
Хүний эрх
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзлаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн сахилгын хорооны гишүүдтэй уулзаж, санал солилцжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2021 онд байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын нийт шүүгчдийн сахилга, хариуцлагын асуудлыг шийдвэрлэдэг, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах, сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэгтэй ажилладаг.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Иргэдийн шүүх засаглалд итгэх итгэлийг дээшлүүлэх, иргэдийнхээ Үндсэн хуулиар олгогдсон шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд бид юунд анхаарах вэ гэдэг асуудлыг тодорхойлохын тулд өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороонд ажиллаж байгаа" гэдгээ онцлов.
Үргэлжлүүлэн тэрбээр "Цаашид шүүхийн үйл ажиллагаа, нээлттэй, ил тод байх, шүүхээс шийдвэрлэгдэж байгаа хэргийн хугацаа, чанар зэрэгт бодит үр дүн гарах гээд олон асуудалд анхааран ажиллана" хэмээв.