Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй
2024.11.16
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжтой нэгдсэн төлөвлөлттэй 20 мянган өрхийн цогцолбор хорооллыг байгуулахаар ажиллаж буй. Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна. Уг байршилд нийт 158 га талбайн 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн хүрээнд ойрын хугацаанд 300 айлтай зөвшилцөх хүлээлттэй байгаа. Хамгийн томоохон хэлэлцээрт орох айлууд бол Долоон буудлын эцсийн нэг давхар худалдаа үйлчилгээ эрхэлдэг объектууд юм. Үүнийг бид ерөнхий төлөвлөлттэйгөө уялдуулахаар төлөвлөж байна. Уг төслийн санхүүгийн асуудал шийдэгдсэн бөгөөд газар чөлөөлөлт амжилттай явж байгаа. Мөн бүтээн байгуулалтын барилгажилтад төрийн өмчийн компани бус хувийн байгууллагуудыг оролцуулахаар төлөвлөж байна. Тендерийг арванхоёрдугаар сард зарлана. Иймд үндэсний бүтээн байгуулагчид идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.

ШИНЭ МЭДЭЭ