2024.11.21
Улстөр
Д.Ганмаа: Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ болон Байгаль орчны үнэлгээг ямар байгууллагуудаар хийлгэв?
УИХ-ын чуулганы /2024.11.21/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
Уул уурхайн эдийн засагтай газар гадаадын хөрөнгө оруулалт, цөмийн энергийн тухай хуулийг дэмжиж байгаа. Одоогийн бидний нөхцөл байдалд дэмжихээс ч өөр аргагүй. Гэхдээ хэд, хэдэн нөхцөл байдал байна.
Нэгдүгээрт, хуулийн төсөл батлагдсанаар нийгэм эдийн засгийн үр дагавар, тэр дундаа цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, хүний эрүүл мэнд, нийгэм, байгаль орчныг хамгаалах нөхцөл бүрдэнэ хэмээн дурдсан байна. Үүнийг харахаар яахын аргагүй өмнөх хуульдаа ч тэр, шинээр орж байгаа хульдаа ч тэр байгаль орчны үнэлгээ хийгдэж байгаа гэсэн үг, өгүүлбэр хэсгүүд байна. Гэтэл хүний эрүүл мэнд, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаар огт дурсаагүй байна. Үүн дээр тайлбар өгнө үү?
Хоёрдугаарт, Татвар, төлбөр, эдийн засаг маш чухал гэдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Гэхдээ эрүүл мэндийн тухай асуудал чинь эдгээрээс чухал уу. Үнэ мөнгө төгрөгөөр тооцвол ямар байх уу гэхчлэн олон асуудал байна. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг дээр орж байгаа хүмүүс нь хяналтын байгууллагад буюу цөмийн энергийн агентлаг, байгаль орчны яам зэрэг нь орсон боловч Эрүүл мэндийн яам эсхүл мэргэжлийн холбогдох хүмүүс нь ажлын хэсэгт огт оролцоогүй байна. Үүн дээр тайлбар хэлнэ үү?
Гуравдугаарт, дагалдах асуудал нь хууль дээрээ бол 4 дүгээр заалт дээр хөрөнгө оруулалтын гэрээг 10 хүртэлх жилээр хэмээн зааж байсан юм байна. 10 хүртэлх жил гэдгийн үндэслэл юу байв, одоо 20 болгож байгаа шалтгаан нь юу байв гэдэгт хариулт өгнө үү?
Түүний асуултад, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд.Ц.Туваан хариуллаа.