Цөмийн энергийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн Д.Рэгдэлд талархал илэрхийлэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Үүнтэй холбогдуулан Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав УИХ-ын гишүүн, Академич Д.Рэгдэлд талархал илэрхийлжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Рэгдэлийг Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Цөмийн энергийн комиссын гишүүнээр ажиллах хугацаандаа УИХ-аас баталсан улсын хөгжлийн болон салбарын бодлогын хэрэгжилтийг хангуулахад ихээхэн чармайлт гарган Монгол Улсад цөмийн энергийн салбарыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг Г.Манлайжав онцлов.
УИХ-ын гишүүн, Академич Д.Рэгдэлийн цөмийн энергийн салбарт оруулсан хувь нэмрээс дурдвал:
- Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах,
- Цөмийн эрчим хүч ашиглах,
- Цөмийн технологи нэвтрүүлэх,
- Судалгааг хөгжүүлэх, хүний нөөц бэлтгэх,
- Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлд идэвхтэй ажилласан билээ.
Цөмийн энергийн комисс нь 7 удаагийн хуралдаанаар 24 тогтоол гаргаж, 49 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ.
Энэ нь төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, цөмийн энергий энхийн зорилгоор ашиглах үйл ажиллагаанд чухал алхам болсон бөгөөд салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хэд хэдэн дүрэм, журам, цөмийн аюулгүй байдлыг хангах замын зураглал, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлахад идэвхтэй ажилласан байна.
Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн хариуцлагатай ажлын хажуугаар Цөмийн энергийн комиссын гишүүнээр бүтээлчээр ажилласанд комиссын гишүүд, Ажлын албаны нийт албан хаагчдын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж буйгаа мэдэгдлээ.