МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

С.Цэнгүүн: Өөрчилж чадамгүй, устгаж боломгүй, мартах боломжгүй бодит түүх биднийх
2024.11.26
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

С.Цэнгүүн: Өөрчилж чадамгүй, устгаж боломгүй, мартах боломжгүй бодит түүх биднийх

Анхдугаар үндсэн хууль батлагдсан түүхт өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр олон үйл явдал зэрэг болж буйтай холбогдуулан өөрийн сэтгэгдлээ хуваалцахаас аргагүй байна. Учир нь өнөөдөр яг тусгаар тогтнолын өдөр мөн үү биш үү. Энэ өдрийг тэмдэглэх нь зөв эсвэл буруу хэмээн талцаж байна.

Миний хувьд аль алиных нь зөв гэж бодож байна. Үнэхээр 11-р сарын 26-нд Ерөнхий сайд Гэндэнгээ Орост алуулсан, иргэдээ баян, ядуугаар нь талцуулсан үндсэн хуулийг Улаан Оросын нөлөөгөөр батласан өдөр мөн үү гэвэл мөн. Гэвч бидний бодит түүх л энэ. Өөрчилж чадамгүй, устгаж боломгүй, мартах боломжгүй бодит түүх. Их засаг хууль, “Эртний сайхан” хэмээх төрийн дууллын түүхтэй Монголчууд.

Бид бүхний мэддэгийг тоймловол:
Монгол бол Хүннү гүрнээс ч өмнөх түүхийн улбаатай 2200-аас илүү жилийн төрт ёсны түүхт эртний улс. Хүннү, Сүмбэ, Нирун, Түрэг, Уйгур, Хятан, Хиргис, Табгач гээд өнөөгийн Монгол нутагт олон төр ээлжлэн оршсон түүхтэй.

Их эзэн Чингис хааны агуу үйлээр Хамаг Монголоос Их Монгол болон өргөжсөн Монголчууд улс-төрийн бутралд орж, Зүрчид угсааны Манж Чин гүрэнд эзлэгдсэнээр жинхэнэ тусгаар тогтнолоо алдав. Үүнээс 200 гаруй жилийн дараа 8-р Богд тэргүүтэй Алтан ургийн язгууртан, ноёд, лам нар 1911 оны 12 сарын 29-нд Хятадаас амжиж төр улсаа дахин тунхаглав. Гэвч 1919 онд Хятад Генерал Сүйд эзлэгдэн дахин тусгаар тогтнолоо алдав.

1921 оноос Улаан Орос, Цагаан Оросоос аврал эрэн тэднийг зэрэг түшив. Оросын иргэний дайн Улаан Оросын ялалтаар төгссөн учраас 1924 онд Улаан Оросын нөлөөгөөр Монголчууд дахин тусгаар улс хэмээн өөрийгөө зарлаж, Коммунист Оросын улс төр, эдийн засгийн нөлөөнд 70 шахам жил явжээ.

1990 оны Цагаан морин жилийн хувьсгалаар Зөвлөлт засгаас салж, Азид анхны ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн билээ. Улс төрийн хувьд жинхэнээсээ тусгаар улс болов.

Ардчиллын партизанууддаа талархая.
20-р зуунд өнгөрсөн олон чухал үйл явдлын хоёр нь яах аргагүй 1924 оны Анхдугаар үндсэн хууль, 1992 оны Ардчилсан үндсэн хууль батлагдсан явдал мөн. Бидний өвөг дээдэс улс төрийн тусгаар тогтнолоо тунхаглаж чадсанд талархаад баршгүй. Өнөөдөр бид эрх чөлөө тусгаар тогтнолоо бахдан буй ч эдийн засгийн хувьд тусгаар тогтнож чадаагүй байна. Эрчим хүчний хувьд бие дааж чадаагүй л байна. Шийдэх, хийх ёстой дуусгаагүй ажлууд үлдсэн байна. Хамтдаа өөрчилцгөөе, хичээцгээе, эхлүүлцгээе.

ШИНЭ МЭДЭЭ