МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.29
Эдийн засаг, Худалдаа

М.Бадамсүрэн: Хоригийг нэгэнт хүлээн авсан бол ямар нэг асуудал, шүүмж дагуулахгүй байдлаар төсвийг батлах үүрэг УИХ-д оногдож байна

УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:

Нэгдүгээрт, УИХ нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн энэ төсөл дээр олон өөрчлөлт хийхээс илүүтэй Засгийн газар өөрөө төсвийн алдагдлыг бууруулах, алдагдалгүй төсөв батлах, сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан зүйлийг сайтар боловсруулж, УИХ дээрээ батлах нь зөв. Учир нь Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авч байгаа учир тэр шаардлагуудыг зөвшөөрч байна гэж ойлгож болно.

Хоёрдугаарт, орон нутгийн төсөвтэй холбоотой зарчмын санал байна. Орон нутгийн төсөв нь улсын төсөв дээр үзүүлж байгаа нөлөөлөл нь маш бага юм билээ. Тиймээс заавал орлого зарлага, төвлөрүүлэх орлого, татаасны хэмжээг өөрчлөх шаардлага байна уу!   

Гуравдугаарт, Ерөнхийлөгчийн хоригт байгаа сонгуулийн амлалтаа биелүүлэх гэдэгт ач холбогдол өгөх ёстой. Үүнийг умартсан байна. УИХ нэгэнт хоригийг хүлээн авсан учир энэ зүйлтэй холбогдуулан засан сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Дөрөвдүгээрт, төсвийн байнгын хороо дээр хэлэлцэхээс гадна, мэргэжлийн байнгын хорооны саналыг Засгийн газрын холбогдох гишүүдийг нь байлгаж байгаад авах, төсвийн байнгын хорооны шийдвэртэй уялдуулах хэрэгтэй байна. Учир нь улсын төсөв хэлэлцэх үед мэргэжлийн байнгын хороодын саналыг төсвийн байнгын хороод дээрээ маш сайн нягталж авч үзэх шаардлага байгаа нь анзаарагдсан.   

Тиймээс нэгэнт хоригийг хүлээн авсан бол ямар нэг асуудал шүүмж дагуулахгүй, ямар нэг цоорхой байхгүй байдлаар төсвийг батлах хариуцлага оногдож байна.  


ШИНЭ МЭДЭЭ