МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

"Манай улсад нийт 2,768 журам үйлчилж байгаа нь төрийн хүнд суртал, авлига бий болгож байна"
2024.11.25
Гадаад харилцаа

"Манай улсад нийт 2,768 журам үйлчилж байгаа нь төрийн хүнд суртал, авлига бий болгож байна"

Монгол Улсын Их Хурал 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ.

Тус санамж бичигт Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, Монголын Хуульчдын холбооны  ерөнхийлөгч П.Одгэрэл нар гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулахад мэргэжлийн холбоо дэмжлэг үзүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх юм.

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Их Хурал хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл баримтлалыг төгөлдөршүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах нь чухал үр дүнтэй.

Хамгийн энгийн жишээ татахад манай улсад нийт 2768 журам үйлчилж байгаа нь төрийн хүнд суртал, авлига бий болгох зэрэг сөрөг үр дагавар үүсгэж байна. Өөрөөр хэлбэл журмыг дагаж мөрдөхгүй байх сонголттой учраас эрх мэдэлтэнд давуу байдал бий болгох, иргэдэд хүндрэл учруулах суурь шалтгааны нэг” хэмээн онцоллоо.

Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл шинэ парламент шинэ уур амьсгалаар ажиллаж, холбоодтай хамтран ажиллах эхлэл тавьсанд хуульчдын зүгээс талархалтай байгаагаа илэрхийлээд, хууль, эрх зүйн шинэчлэлийн Гурван төгөлдөршил бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Хуульчдын зүгээс УИХ-ын стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу хуульд “хүн төвт” суурь үзэл баримтлалыг бий болгосноор шударга ёс, тэгш хөгжих боломж бий болно гэдгийг тодотголоо.

ШИНЭ МЭДЭЭ