МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Иргэний хууль тогтоомж-тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болжээ
2024.11.27
Улстөр

“Иргэний хууль тогтоомж-тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болжээ

Улсын Их Хурлын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгээс зохион байгуулж буй “Иргэний хууль тогтоомж: тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” уулзалт-хэлэлцүүлэг (2024.11.27)-нд боллоо.

Иргэний хууль нь 2002 онд батлагдсан, 552 зүйлтэй, ерөнхий болон тусгай анги бүхий хууль гэдгийг тодотгоод хэрэгжүүлэхэд үүсэж буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг тодруулах, оролцогчид, тэдний хэрэгцээ шаардлагыг тодорхойлох зорилготой өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, мэргэжилтнүүдийн судалгаа, илтгэлтэй танилцахаар төлөвлөсөн болохоо О.Номинчимэг гишүүн хэлсэн юм. 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Б.Хэрлэн, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын Олон Улсын Арбитр, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монополийн эсрэг газар, Монголын нотариатчдын танхим, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, МУИС, Шихихутуг их сургуулийн төлөөлөл оролцов.

Хэлэлцүүлэгт МУИС-ийн эрдэмтэн, судлаачид “Монгол Улсын өв залгамжлалын эрх зүйн хөгжил”, "Гэрээний эрх зүйн асуудал" сэдэвт илтгэлүүд танилцуулсан. Монгол Улсын Иргэний хууль дахь өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт, хөгжлийн түүхийн талаарх илтгэлд өв залгамжлалын эрх зүйн харилцаа нь хувийн өмчид тулгуурладаг тул манай улсад 1990 оноос өмнөх үед болон 1990 оноос өнөөг хүртэл уг харилцаа сайн хөгжиж чадаагүй бөгөөд уг институтийг одоо иж бүрэн шинэчлэх шаардлага тулгараад байгаа гэв. 1980-2024 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд 1000 орчим гэрээслэл хийсэн баримт байдаг аж. Монгол Улсын иргэний хуулийн хэрэгжилт: гэрээний эрх зүй, олон улсын эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл танилцуулж, хэлэлцсэн.

Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Арилжааны хуулийн төслийн талаар, Монголын олон улсын арбитраас “Иргэний хууль тогтоомж: Тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, Монголбанкнаас “Монгол Улсын төлбөрийн систем” илтгэлүүдийг тус бүр танилцуулж, илтгэл бүрийн дараа ажлын хэсгийн гишүүд, оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Дам.Цогтбаатар, Х.Баасанжаргал, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Б.Энхбаяр, С.Эрдэнэболд нар ажиллаж байна. Тус ажлын хэсэг Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, холбогдох санал, дүгнэлт гарган, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганд танилцуулах үүрэгтэй билээ. 

ШИНЭ МЭДЭЭ