МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Мөнхсоёл: Төр ашигладаггүй барилга, байгууламжаа хувьчилж зардлаа танах боломжтой
2024.12.02
Эдийн засаг, Худалдаа

Б.Мөнхсоёл: Төр ашигладаггүй барилга, байгууламжаа хувьчилж зардлаа танах боломжтой

Манай улсын Парламент анх удаа баталсан төсвөө хүчингүй болгож, Засгийн газар өнөөдөр шинээр төсөв өргөн барилаа. Учир нь 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, УИХ хүлээн авсан ч хориг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар баталж чадаагүй юм.

Ерөнхийлөгчийн хувьд ирэх оны төсвийг алдагдалгүй, хэмнэлттэй болгох, макро эдийн засагт үзүүлэх нөхцлийг тооцохыг онцгойлон тэмдэглэсэн. 

Төсөв дахин өргөн барихтай холбогдуулан УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсээр буй. Тэр дундаа парламентын олонх буюу 30 суудлыг эзэлж буй эдийн засгийн салбарын гишүүд тод дуугарч байна. 

Тэдгээрийн нэг болох ХҮН намаас парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл эдийн засгийн салбарын асуудлыг үнэн бодитоор олон нийтэд мэдээлсээр ирсэн. Түүний хувьд олон жил төсвийн талаар анализ хийж ирсэн судлаач. Тухайлбал, төсвийн тогтвортой байдлын зөвлөл Монголд байх шаардлагатай юу, энэ нь эргээд төсвийн сахилга баттай байлгаж чадах уу гэдэг асуудлын хүрээнд судалгаа хийсэн байдаг. 

Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан тэрбээр “Төсвийн тухай хууль онцгой бөгөөд бусад хуультай харьцуулахад дөрвөн үе шаттай хэлэлцдэг. Тэрхүү хэлэлцүүлгийн нэг, хоёрдугаар шат ямар чухал вэ гэдгийг парламентын шинэ гишүүд сайн мэдээгүй. Өөрөөр хэлбэл, гурав дахь шатны хэлэлцүүлгээс дуу гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлсэн. 

Хоёрдугаарт, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл хоёр тайлан гаргасан. Үүний нэг нь төсвийн хүрээний мэдэгдэл нөгөөх нь ирэх оны төсвийн төсөл дээр гаргасан дүгнэлт. Мөн Үндэсний аудитын газраас 60 гаруй хуудастай тайлан гаргасан. Эдгээр тайланд гишүүдийн яриад байгаа төсвийн урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлыг тус тус дурдсан. Тус тайлантай танилцах цаг гаргаад зүйл заалт бүрийг нягталж үзэх, санал бодлоо хэлэх нь илүү үр дүнтэй бөгөөд зарим гишүүдтэй хамтраад ажиллах саналтай байгаа” гэдгээ илэрхийлэв. 
Төсвийн орлогыг дийлэнх буюу 85 орчим хувийг албан татвар бүрдүүлдэг. Хэрэв тооцсон хэмжээнд орлогоо олж чадахгүй бол одоо тооцоод буй алдагдал улам л өснө. Тиймээс Б.Мөнхсоёл гишүүн төсөв хэлэлцэж эхлэх үед төсвийн зардлыг хамгийн багадаа 1 их наяд төгрөгөөр хасах боломж байгаа гэдгийг илэрхийлсэн удаатай. 

Түүний гаргасан саналууд:

  • Нэгэнт баригдаад үйл ажиллагааны зардал нь өндөр байгаа төрийн өмчийн барилгуудыг хувьчлах. Ингэснээр тог, дулаан гэх мэт урсгал зардлаа танах боломжтой.

  • Зайлшгүй шаардлага гараагүй бол зам буюу “тансаглал”-ыг түр хойш тавих. 

  • Багш, эмч нарын цалинг нэмэх, тэтгэврийг инфляцтай уялдуулан өсгөх зэрэг асуудлыг дандаа ярьдаг ч үүнийг эргэж харах.

  • Томилолт, оффис дээрх бичиг хэргийн зардлыг нэгжилж судлах

  • Төрийн албан хаагч үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халагдахаараа шүүхэд хандаад хохирлоо барагдуулдаг. Үүнд нь гэхэд 17 тэрбум төгрөг тусгагдсан. Алдаа гаргасан төрийн албан хаагч хариуцлага хүлээх ёстой болохоос төрөөс гаргах ёсгүй зардал. 

  • Ажил үүргийн давхцал үүсэж буй ойлгомжгүй зардлууд байна. Сайд нарын багцыг эргэн харах нь зүйтэй гэх мэт олон чухал саналуудыг гаргасан.

Мэргэжлийн үүднээс судалж, гаргасан түүний саналыг Засгийн газрын түвшинд бодитоор харж, тусгах нь төсөв алдагдалгүй батлах боломж рүү нэг алхам ойртох юм. 

Энэ жил УИХ-ын ээлжит сонгууль, ээлжит бус чуулган, өмнөх оны төсвийн тодотгол, орон нутгийн сонгууль зэрэг олон чухал үйл явдал давхацсан. Хөл толгой мэдэгдэхгүй нүсэр ажлын хажуугаар хуулийн дагуу есдүгээр сарын 1-нд Засгийн газраас УИХ-д ирэх оны төсвийг өргөн барих цагалбартай байдаг. Дээрх асуудлаас үүдэн цаг хугацаа зарцуулаагүй, сайд нартайгаа тулж ажиллаагүй, түүхий төсөв оруулж ирсэн, гишүүддээ дулимаг мэдээлэл өгсөн гэх мэт асуудлыг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл хөндөж байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ