МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо
2024.12.02
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF) хамтран 2021 оноос хэрэгжүүлж буй “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн дөрөв дэх ээлжийн хөтөлбөрийн нээлт арваннэгдүгээр сарын 30-нд болжээ.

“Өсвөр үе-Эрүүл мэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулах “Өсвөрийн Парламент-2024″ хөтөлбөрт оролцохоор 21 аймаг, есөн дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудаас нийт 800 гаруй хүүхэд бүртгүүлснээс 126 сурагч шалгарчээ. Шалгаруулалтыг “Сургуулийн орчинд хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ?” сэдэвт видео зохиомж, “Хэрвээ би УИХ-ын гишүүн байсан бол…” сэдэвт эсээ бичлэгээр явуулсан байна. Хүүхдүүдийн хийсэн видео зохиомжуудаас түүвэрлэн, хөтөлбөрийн нээлтийн үеэр үзүүлжээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, НҮБХС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комлан, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Бумдарь, УИХ-ын даргын зөвлөх Н.Булгантамир тэргүүтэй төлөөлөл оролцов.

Дөрөв дэх удаагийн “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрт оролцохоор шалгарсан 126 сурагчдын 45 нь эрэгтэй, 81 нь эмэгтэй бол есдүгээр ангийн 12, аравдугаар ангийн 36, 11 дүгээр ангийн 78 сурагч байна. 

Хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, анх 2021 онд хөтөлбөрийг эхлүүлж байхад хүүхдүүдийг улс төрд татан оролцуулах гэлээ гэж шүүмжлэх хүмүүс олон байсан бол эндээс хүүхдүүд тогтвортой хөгжлийн зорилго, байгаль орчноо хамгаалах, эрчим хүчний хэмнэлт, хувь хүний хөгжил, зөв амьдрах зэрэг өөртөө болон нийгэмд хэрэгтэй маш их мэдлэг, мэдээллийг авч, амьдарч буй нутаг, орондоо бусдыг манлайлж, төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг идэвхтэй хүмүүс болж буйг хараад олон нийтийн хандлага өөр болсныг онцлон дурдав. 

Мөн НҮБХС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч, ноён Эваристе Коуасси-Комлан НҮБХС-гаас хүүхдүүдийн сурах орчны эрүүл ахуйн талаар манай улсын төр, засагтай хамтран олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг дурдан, 6-17 насныхны дунд хүний стрептококын халдварын эрт илрүүлэг явуулж, илэрсэн тохиолдолд эмчилгээнд дэмжлэг үзүүлэх, сахуу, татрангийн болон 11 настай хүүхдүүдэд хийх хүний папиллома вирусын вакцинжуулалтыг дэмжих, сурагчдад эрүүл хооллолтыг сурталчлах аян, 6-18 насны сурагчдын эрүүл мэндийн дэвтрийг нэвтрүүлэх зэрэг ажлуудыг товч танилцуулжээ.

Тус сангийн дэмжлэгтэйгээр “Охидын булан”, “Охидын өрөө” санаачилгыг өрнүүлж, улсын хэмжээнд нийт 170 сургууль, дотуур байранд сарын тэмдгийн эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн хүүхдүүдийн суралцахуйг дэмжиж ажилладаг багш, сургуулийн ажилтнуудын эрүүл мэндийн боловсрол, мэдлэгийг нэмэгдүүлэхэд анхаарч буйгаа суурин төлөөлөгч танилцуулгадаа дурдлаа.

ШИНЭ МЭДЭЭ