Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна
2024.12.03
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Х.Нямбаатар: “Тавантолгой түлш” ХХК-ийн менежментийг нийслэл хариуцна

“Тавантолгой түлш” ХХК-ийн менежмент арванхоёрдугаар сарын 1-нээс нийслэлд шилжиж байна. Тус үйлдвэрийн хэрэглэгчдийн тоо өнгөрсөн хугацаанд зөвхөн 10 хувиар өссөн байтал үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдсэн байна. Үүний улмаас 1.2 их наяд төгрөгийн алдагдал хүлээжээ. Мөн сайжруулсан нэг шуудай түлшийг 20.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 3750 төгрөгөөр зардаг. Гэсэн хэдий ч утаа буураагүй. Тиймээс сайжруулсан түлшний үйлдвэрт менежмент хийж, үр ашиггүй зарцуулалтыг танах, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулах, ажилчдыг цомхотгох, хийн түлшний хэрэглээг нэвтрүүлж, нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах, одоогийн сайжруулсан түлшний түгээлтийг технологиор хянах ажлуудыг хэрэгжүүлэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

“Таван толгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаанд аудит оруулж, ажилчдыг цомхотгоно

Иргэд сайжруулсан түлшний талаар гомдол их хэлж байгаа учраас “Тавантолгой түлш” ХХК-ийн бизнес төлөвлөгөөг дахин шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлж, өмнөх үйл ажиллагаанд аудит оруулж, дүгнэлт гаргуулна. Дүгнэлтийн дагуу ажлууд хийгдэнэ. Олон төрлийн хийн түлшний хэрэглээг нэвтрүүлнэ. Одоог хүртэл нэг шуудай түлшний бодит үнийг иргэдэд хүргэхгүй байгаа учир түлшний бодит үнийг гаргаж, удирдлагын зардлаа тана. 2025 оны зургаадугаар сарын 1-н гэхэд ажилчдын тоог 50 хувь бууруулах төлөвлөгөөг НИТХ-д танилцуул. Мөн ажлаас чөлөөлөгдөж байгаа хүмүүсийг нийслэлийн харьяа байгууллагуудад ажлын байраар хангах бодлогыг барина.

Энэ онд сайжруулсан түлшний үнийг барих бодлого хэрэгжүүлнэ

Өнгөрсөн хугацаанд сайжруулсан түлш хэрэглэгчийн тоо 10-хан хувиар өссөн ч үйлдвэрлэлийн хэмжээ 200 мянган тонноор нэмэгдэж байгаа асуудалд технологийн хяналт оруулна. Түгээлтийн явц дундаас нүүрсний хулгай гараад байна уу гэдгийг хянана. Улаанбаатар хот руу орж, гарч байгаа бүх постод хиймэл оюун ухааны гарцуудыг энэ ондоо захиалж оруулж ирэх шийдвэрийг гаргаад байна. Ингэснээр үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээг бууруулах шинэ төлөвлөлт хэрэгжүүлнэ. Мөн энэ онд сайжруулсан түлшний үнийг өөрчлөхгүй. Зургаадугаар сарын 1-нээс түлшний тарифыг шинэчилнэ.

Агуулах, тээвэрлэлтийг борлуулагчид өөрсдөө хариуцаж, мидлингийг худалдаанд гаргана

2025 оны зургаадугаар сарын 1-нээс нийслэлийн төсвөөс жил бүр 60 орчим тэрбум төгрөгийг татаас болгож агуулах, тээвэрлэлтийг борлуулалтын өртөг дээр нэмээд сайжруулсан түлш борлуулагчид өөрсдөө хариуцна. Мөн үйлдвэрийн шигшүүрүүдийг яаралтай ажилд оруул. Нийт мидлингийн 30-35 хувийг шууд савлах боломжтой. Тиймээс мидлингийг савлаж, одоо байгаа өртгөөр нэгдүгээр сараас албан ёсоор худалдаанд гаргаж эхэл.

Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр үйлдвэрлэлийн алдагдлыг бууруулна. Нүүрс бол нүүрс. Нүүрс түлбэл утаа гарч, утаа агаарын бохирдлыг бий болгоно гэдэг өөрчлөгдөшгүй зүйл. Олон төрлийн яндангууд болон өсөн нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо утаанд голлон нөлөөлж байгааг хэдийн судалсан. Утаа шингэрсэн гэж иргэдийг хуурч болохгүй. Агаарын бохирдлыг шийдэх асуудалд бүх талаасаа хичээл зүтгэл гаргаж оролцох хэрэгтэй гэдгийг хотын дарга онцолж хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ