МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.12.02
Гадаад харилцаа

БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд ХКН-ын Төв хорооны Суртал, ухуулгын яамны дэд сайд Мө Гао-И, Элчин сайд Шэнь Минжуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтаар авто зам болон төмөр замаар таатай зорчих боломжийг нэмэгдүүлж, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийн талаар ярилцав.

Энэ хүрээнд Монгол, Хятад, Орос гурван улсын хамтарсан аялал жуулчлалын “Цайны зам” маршрутыг батлан, ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлэх асуудалд анхаарал хандуулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Үүний зэрэгцээ, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Харбины спортын цогцолбороос туршлага судалж, ижил төстэй төслүүдэд хамтран ажиллах боломжийг судлахаар санал нэгдлээ.

Цаашлаад БНХАУ-ын “Wechat”, “Youku” зэрэг олон нийтийн сүлжээнд Монгол уран бүтээлчдийн оюуны бүтээлийн оюуны өмчийг харилцан хамгаалах асуудлыг хөндөж, ӨМӨЗО-ы Хөх хотод монгол уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулах талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй “Үндэсний урлагийн их театр” болон “Президент” спорт цогцолборын төсөл эрчимтэй үргэлжилж буйг онцлоод хоёр орны соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт цаашид хамтын ажиллагаа өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ

ШИНЭ МЭДЭЭ