УИХ-ын чуулганы /2024.12.03/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
ЗГ-аас орж ирсэн аливаа асуудлыг УИХ болж өгвөл дэмжиж өгөх гэж бүхий л талаар хичээж байгаа. Бүх л гаргалгаа боломжуудыг гаргаж, ажлын хэсэг байгуулагдаж, байнгын хороод хуралдаж, зарим тохиолдолд бүр хамтарч хуралдаж асуудлыг шийдвэрлэх гэж явж байгаа. Өнгөрсөн баасан гаргийн хуралдаан дээр Ёс зүй, дэгийн Байнгын хороо ХЗБХ хоёрын хамтарсан хурал болоод ажлын хэсэг байгуулаад Ч.Лодойсамбуу гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг тодорхой нэг удаагийн хэлэлцэх дэгийн төсөл боловсруулж оруулж ирж УИХ-аар хэлэлцүүлсэн. Санал хураалтад 69 гишүүн оролцсоноос 55 гишүүн дэмжээд, 14 гишүүн дэмжээгүй. Танхимд байсан гишүүдээс тэр 14 гишүүн дотор ирцэд бүртгэлтэй 8 гишүүн дэмжлэг өгөөгүй.
УИХ-ын гишүүдийг тал талаас нь шахаад хүнд байдалд оруулж болохгүй. Орж ирсэн төслийг дэмжсэн гишүүд нь хүнд байдалд ордог, дэмжээгүй гишүүд нь бас нэг буруу зүйл хийчихсэн юм шиг байдалд ордог. Ийм зүйл ерөөсөө байж болохгүй. Хэн манлайлал үзүүлэх ёстой юм. Олон сонгогдсон гишүүд, ЗГ-т орж ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, сайд нар манлайлал үзүүлэх ёстой.
Тэгэхээр энэ бүгд дээр бид одоо онцгой анхаарч ажиллахгүй болбол цаашдаа УИХ-ын босгыг амар давахгүй болсон гэдгийг тал талдаа ойлгох цаг нь болсон. Өнөөдөр магадгүй би их олон үг хэлж байж магадгүй юм. Яагаад гэвэл энэ УИХ-ын байр суурийг хамгаалахын сацуу УИХ-ын явагдаж байгаа үйл ажиллагааг олон нийтэд зөв ойлгуулах шаардлага байна. УИХ чадамжгүй болчихсон мэт УИХ асуудлаа хэлэлцэж шийдвэрлэж чадахгүй байгаа мэт асуудалд хандаж болохгүй.
Харин УИХ-ын гишүүд энэ удаад олуулаа болж мэргэжлийн олон экспертүүд орж ирсний үр дүнгээр аливаа асуудлыг маш өргөн хүрээгээр хөндөж чаддаг болж байгаа юм. Харин нэг зүйлийг бид онцгой анхаарах ёстой. УИХ болон ЗГ талцаж байгаа хэлбэрийг огт үүсгэж болохгүй. Энэ бол нэг л төр. Бид бүгдээрээ ард иргэдээсээ, сонгогчдоосоо сонгогдсон, үүрэг хариуцлага хүлээж байгаа гэдгээ бүх талдаа хариуцлагатай ухамсарлах ёстой.