МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Батлут: Өрхийн бизнес эрхлэгчдэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ
Д.Батлут УИХ-ын гишүүн
2024.12.04
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Д.Батлут: Өрхийн бизнес эрхлэгчдэд шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Өрхийн үйлдвэрлэл сайн хөгжсөн улс оронд ажилгүйдэл, ядуурал бага байдаг

Харин манай улсад жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) дэмжих тухай хуулийн зарим шаардлага хэт өндөр байгаа учраас өрхийн үйлдвэрлэгчид, бичил бизнес эрхлэгчид маань зорилтот зээлээ авч чадахгүй байгаа нь нууц биш.

Тухайлбал ЖДҮ эрхлэгч ААН-үүдийн 53 орчим хувийг өрхийн бичил бизнес эрхлэгчид эзэлдэг боловч нийт санхүүжилтийн ердөө 35% тус салбарынханд олгогддог. Түүнчлэн заавал ААН-д олгоно гэсэн шалгуур нь  хувиараа хөдөлмөр эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд хамрагдах боломжгүйд хүрч байгаа зэрэг цөөнгүй асуудлууд бий.

Иймд бичил бизнес эрхлэгчдийн хууль эрхзүйн орчныг таатай болгоход ЖДҮ-ийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, бичил бизнес эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгоход санал дүгнэлт, холбогдох хуулийн төсөл боловсруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан юм. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Батлут ахлан ажиллаж, анхны хэлэлцүүлгээ явуулсан юм. 

Хууль эрх зүйн зохицуулалтуудыг аваад үзвэл ЖДҮ-лэл эрхлэгчдийг дэмжих хуульд нэг бүлэг болж орсон. Тэрхүү бүлэг нь бодит хөрснөөс тасарчихсан зохицуулалтуудтай гэж хэлж болно. Тухайлбал жилийн 300 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байх ёстой аж. Энэ өндөр дүн бүхий зохицуулалт нь хууль хэрэгжих боломжийг хааж байна гэхэд хилсдэхгүй. Бодит амьдрал дээр нэг жилд дээд тал нь 150 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй хүнийг өрхийн бичил бизнес эрхлэгч гэж хэлэхээр дүр зураг өнөөдрийн нийгэмд буй. Тиймээс өрхийн бичил бизнес эрхлэгчдийг дэмжих хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож өгөх нь нэн чухал байна. 

Хөрсөн дээр буусан, хүндээ хэрэгтэй эрх зүйн таатай орчныг бүрдүүлснээр өрхийн бичил бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, өргөжин тэлж, 2- 3 ажлын байр бий болгох цаашлаад ЖДҮ-лэл рүү шилжих процессыг энэ хуулийн үйлчлэлээр нээх боломж байна. 

УИХ-ын гишүүн Д.Батлут хэлэхдээ, 

"Монгол Улсад нийт бизнес эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийн 53 орчим хувийг бичил бизнес эрхлэгч буюу өрхийн бичил бизнес эрхлэгч эзэлдэг. Энэ бичил бизнес эрхлэгч нарт холбогдох хууль эрх зүйн зохицуулалт гэвэл харьцангуй бүдэг. Тухайлбал, ЖДҮ-лэл эрхлэгчдийг дэмжих хууль дээр бичил бизнес эрхлэгч гэвэл 300 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байна гэх заалттай. Өнөөдөр Монгол Улсад өрхийн бичил бизнес эрхэлж байгаа хүмүүс 300 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй байгаа юу гэвэл үгүй. Тэдгээр хүмүүс банкнаас зээл авч чаддаггүй байна. Яагаад. Үүнийг хэрхэн, яаж барьцаагүйгээр, банкаар дамжуулахгүйгээр шийдэж болох вэ. Эсхүл тэр төр хэрхэн дэмжиж болох вэ гэхчлэн олон зүйлсэд шийдэл гаргах ёстой. Ингэхдээ хуулийн зохицуулалтуудыг зөв томьёолох нь нэн чухал" гэв. 

ШИНЭ МЭДЭЭ