МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монгол-Японы эмнэлгийн өргөтгөлийн талаар Япон улстай санал солилцжээ
2024.11.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Монгол-Японы эмнэлгийн өргөтгөлийн талаар Япон улстай санал солилцжээ

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн урилгаар Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй  гишүүд 11 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улсад албан айлчлал хийлээ. 

Айчлалд УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, О.Батнайрамдал, М.Сарнай, Г.Дамдинням нарын гишүүд багтсан юм. 

Энэ үеэр Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Тэргүүн дэд ерөнхийлөгч, хатагтай Имото Сачикотой уулзаж, Монгол Улсын Засгийн газрын газраас хэрэгжүүлж буй мега төслүүдийг танилцуулжээ. Тус төслүүдэд ажиллах шаардлагатай инженер техникийн хүний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан байна.

Мөн “Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих” төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.

Урьдчилсан судалгаанаас үзэхэд инженер техникийн 38,000 гаруй ажилтныг үе шаттайгаар бэлтгэх хэрэгцээ шаардлага бий. Одоогоор хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд нийт 1,000 оюутан, багш, судлаачийг Японд сургахаас 905-ыг Коосэн, бакалаврын хамтарсан, зэргийн, зэргийн бус хөтөлбөрт хамруулаад байна.

Эдгээрээс 730 оюутан, багш, судлаач сургуулиа амжилттай төгсөж, үндэсний хэмжээний томоохон компаниудад ажиллаж байгаа юм.

Тэргүүн дэд Ерөнхийлөгч хатагтай Имото Сачико “Инженер технологийн төсөл II”-ийг эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлж, Монгол Улсын тэргүүн туршлагыг бусад улстай хуваалцах боломжтой гэлээ.

Мөн АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы эмнэлгийн өргөтгөлийн талаар ярилцаж, тус эмнэлгийн үйл ажиллагаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал нэгдэв. Монгол-Японы эмнэлэг нь Монголд нэн шаардлагатай байгаа, өмнө нь хийгдэж байгаагүй 10 гаруй төрлийн үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

ШИНЭ МЭДЭЭ