ТӨК-иудын үйл ажиллагааг шалгах Олон улсын аудит оруулах заалтыг хуульд тусгах нь зөв
УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль өргөн барьсан. Тэр хуулийн төслийн 1 дүгээр зүйл дээр төрийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн аудитын хуулийн этгээдээр аудит хийлгэж болно. Тухайн санхүүгийн жилд аудит хийлгэх төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт болон аудит хийлгэх хуулийн этгээдийн сонгон шалгаруулах этгээдийг ЗГ тогтооно гэсэн. Үүнийг бид нар Үндэсний аудиттай ерөнхийдөө хольж хутгаад байна аа. Нэг талдаа Үндэсний аудит гэдэг бол дотоодын этгээд, ямар салбар дээр ямар сэдвийн хүрээнд тухайн жилдээ аудит хийх үү.
Эсвэл бусад Үндэсний аудитын газарт бүртгэлтэй байгаа буюу жагсаалтад орсон компаниудаар хийлгэх үү, үгүй юу гэдгийг шийдэж байгаа. Гэтэл энэ төрийн өмчийн реформыг хийхийн тулд олон улсын аудит хийлгэх буюу ЗГ энэ ТӨК-удын хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлж байгаагийн хувьд бас давхар хийлгэж болох ёстой юм. Үүнийг ингэж хольж, хутгаад цаашдаа энэ ТӨК-удын реформыг хийхгүй гэж байгаа юм шиг, ийм зүйл ярьж болохгүй. Энэ үндэсний аудитаас хийж байгаа аудитаар хийлгэж байгаа 2 чинь шал өөр юм биш үү? Үүнийг Үндэсний аудитын байгууллагаас хийх гэж байгаа аудиттайгаа хольж хутгаж энэ зүйлийг хасах гэж байгааг дэмжихгүй байна.
Төрийн байгууллагууд хуульд заасан чиг үүргийг л хэрэгжүүлэх ёстой шүү. Гэтэл хуульд заасан бодлого боловсруулах эрх, чиг үүрэг нь яамдуудад байж байхад зэрэгцүүлээд бодлого боловсруулна гээд явж байна. Харин салбарын уялдаа холбоог хангая гэвэл Ерөнхий сайдын захирамжаар ч гэдэг юм уу нэг удаагийн ажлын хэсгээ гаргаад шийдэж болно. Асуудлуудыг шийдэх зөндөө арга механизм байгаа. Энэ төрийн босго давдаггүй хүмүүсүүдийн цуглуулга боллоо.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал хариуллаа.