УИХ-ын чуулганы /2024.12.11/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
Улсын Их Хурал, УИХ-ын гишүүн ч гэсэн аливаа санал гаргахдаа хуулийн зөрчилгүй санал гаргаж байх ёстой. Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиараа агентлагийг шинээр байгуулах бол ЗГ л санал гаргах эрхтэй. ЗГ-аас гаргаад ирчихсэн санал дээр нэмэх нь Төмөр замын агентлаг гэж нэмэх эрх хуулиар нээлттэй биш байна. Хоёрдугаарт сүүлийн жилүүдэд Монголын төр салбар болгон хуулиар агентлаг байгуулдаг, бүтэц орон тоо нэмдэг, байдал бүх салбарт бий болчихсон. Зарим салбар нь одоо хуулиа шинэчлэн батлуулахдаа тийм агентлагтай байна аа гээдбатлуулчихдагийн нэг жишээ төмөр замын агентлагийн асуудал. Агентлагийн тоо нэмэгдсэнээрээ улс хөгждөг бол манайх хөгжихийн дээдээр хөгжчихсөн.
Сүүлийн 12,13 жилийн хугацаанд 20 хүрэхгүй агентлагтай байсан одоо 40 гаруй агентлагтай болчихсон. Өнөөдөр маш олон яамдууд дээр процессын дахин инженерчлэлийн ажлыг зайлшгүй хийх шаардлага байна. Яам нь бодлогын газартай, бодлогын газар нь дотроо хэлтэстэй. Яам дэргэдээ яг тэр чиглэлийг хариуцсан агентлагтай. Агентлаг нь дотроо ахиад газар хэлтэс албадуудаар үйл ажиллагааг дамжуулан явуулж байгаа. Нэг шийдвэр гаргахын тулд төр 6-аас 7 шат дамжлага дамжаад байгаа энэ процесс өнөөдрийн энэ олон агентлагууд бий болж байгаагаас үүдэлтэй. Хуулиар агентлаг байгуулдаг байсан бол өнөөдөр УИХ-ын тогтоолын заалтаар агентлаг байгуулдаг хэлбэр лүү орох гэж байна. Энэ бол бидний хариуцлагын асуудал. Үүн дээр бодолтой хандах ёстой. Хуулийн зөрчилтэй эсвэл сэтгэл хөөрөлтэй байдлаар ЗГ-ын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөл үзүүлж байгаа нь сөрөг талтай. Үндэсний хороодыг татан буулгах ёстой гээд үзээд л явж байна. Өндөр хөгжилтэй улс оронд магадгүй цөөхөн тооны бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байж магадгүй. Манай улсад нэн шаардлагатай хөгжүүлэх шаардлагатай салбарууд байж байх жишээтэй.
Тухайлбал, барилгын орон сууцын салбарын хөгжлийг бодитой дэмжих, эрчим хүчний салбарын хөгжлийг бодитой дэмжих, салбар хоорондын уялдааг сайжруулах чиглэлд тодорхой богино хугацаанд үндэсний хороодыг байгуулаад, салбар дундын бодлогын зохицуулалтыг хийж явах нь ач холбогдолтой.Үндэсний хороо байгуулагдахгүй болохоор ЗГ дээр салбарын сайд зөвхөн салбарынхаа асуудлыг л хариуцаад байдаг. Олон салбарын оролцоотойгоор шийдэгдэх асуудал дандаа хойно хаягддаг. Тэгэхээр Ерөнхий сайд ЗГ-ын зүгээс энэ үндэсний хороодыг тодорхой хугацаатайгаар байгуулж ажиллаж байгаа.Тэгэхээр бид ЗГ-ынхаа ажиллах боломжийг нь хязгаарлаад, тэгсэн мөртөө араас нь ташуурдаад л суудаг парламент байж болохгүй.