МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.12.12
Эдийн засаг, Худалдаа

Б.Мөнхсоёл: Эд зүйлс худалдан авахыг зогсоох, багцын задаргааг тодорхой болгох шаардлагатай

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Урсгал зардлаас төсвийн таналт хийе. Хөрөнгө оруулалтын төсөл рүү орохдоо хамгийн гол нь шалгуур үзүүлэлт дээрээ тулгуурлаж ажиллана. Ингэхдээ ТЭЗҮ хийгдсэн хөрөнгө оруулалтын төслүүдээ сонгоно гэсэн зөвлөмж байгаа. 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Үндэсний аудитын газрын гаргасан зөвлөмж тайланг сайн ашигладаг байя. Цөөн хоногт хүлээн аваад харж байгаа эдгээр тайланг гишүүд нарийвчлан харж чадахгүй.  

Үндэсний аудитын газрын гаргасан тайлангийн 6.24 дээр улсын хэмжээнд тоног төхөөрөмж худалдан авах нэршлээр багцалсан 253.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 19 төсөл, арга хэмжээг нэмээд оруулаад ирсэн байна гэжээ. 

6.26-тай санал нэг байна. Тухайлбал, тоног төхөөрөмж ангиллын төсөл арга хэмжээг төлөвлөхдөө төсвийн тухай хуулийн 4.1.24 дэх заалтад нийцүүлж хөрөнгө оруулалтын бус шинж чанартай эд зүйлс худалдан авдаг байдлыг зогсоох, багцын задаргааг тодорхой болгон төлөвлөх шаардлагатай.

Задаргаа сайн байхгүй, мэдээлэл дутмаг болохоор гишүүдэд болоод Сангийн яамандаа ч сул талтай. Гишүүд асуудлаа сайн ойлгохгүй болохоор та нарын ажилд ч ачаалал үүсгэнэ. Аль аль талдаа ашигтай дүгнэлтийг Үндэсний аудитын газраас гаргасан байна. 

6.18 дээр 118.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 47.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй шилжих 15 төсөл, арга хэмжээг нэмсэн байна. Нэгийг нь хасахдаа нөгөөг нь ингэж оруулж ирдэг шалтгаан юу байсан бэ?

Миний туршлагаас үзэхэд хөрөнгө оруулалтын төслүүдийг оруулчихдаг. Гэтэл хугацаандаа амждаггүйн нэг шалтгаан нь ТЭЗҮ бэлэн биш байдагтай холбоотой" хэмээн байр сууриа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ