Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2024.12.12
Улстөр

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Сонгуулийн ерөнхий хорооноос зохион байгуулж байгаа “Үндсэн хуульт ардчиллыг хамгаалахад сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх үүрэг” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ.Сонгуулийн төв байгууллагын эрх зүйн байдал, цаашдын үндсэн чиг хандлагыг тодорхойлох, Сонгуулийн эрх зүй, Сонгуулийн процессын эрх зүйн хөгжлийн өнөөгийн байдал, салбар эрх зүйг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зорилготой уг хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Үндсэн хууль, сонгуулийн эрх зүйн судлаач, эрдэмтэн, багш нар, төрийн болон төрийн бус, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож байна. Түүнчлэн Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо /A-WEB/, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/ зэрэг олон улсын байгууллага болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сонгуулийн комисс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн комиссын төлөөлөгчид оролцлоо.

Сонгуулийн удирдлагын байгууллагын загвар, эрх зүйн байдал, чиг үүрэг-Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын эхний хэсэг “Сонгуулийн удирдлагын байгууллагын загвар, эрх зүйн байдал, чиг үүрэг-Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо” сэдвийн хүрээнд дэх илтгэлүүдийг танилцуулж эхэллээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Үндсэн хуульт ардчиллыг хамгаалахад Сонгуулийн төв байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт илтгэл хэлэлцүүлэв. Тэрбээр Сонгуулийн ерөнхий хорооны эрх зүйн байдал, бие даасан хараат бус байдлын эрх зүйн орчин ямар түвшинд байгаа, хараат бус байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай эрх зүйн орчныг хэрхэн нарийвчлан тодорхойлох шаардлагатай, мөн энэ нь Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэхэд ямар ач холбогдолтой талаар дүгнэж, санал дэвшүүлэхийг зорьсноо илтгэлийнхээ эхэнд танилцуулсан юм. Мөн энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хурлын үр дүнд цаашид Үндсэн хуульт ардчиллыг бэхжүүлэх, хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг Үндсэн хуулийн эрх зүйн хувьд дэлгэрэнгүй судлах судалгааны сэдэв болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Сонгуулийн удирдлагын байгууллага нь институтийн хувьд бие даасан, бүрэлдэхүүний хараат бус байх шаардлагатай бөгөөд бие даасан байдал нь тухайн байгууллага бүтцийн, чиг үүргийн, эрх хэмжээний, нөөцийн хувьд хараат бус байх утгыг агуулдаг талаар онцлов.

Эрдэм шинжилгээний бага хуралд гадаад улсуудын сонгуулийн байгууллага, олон улсын байгууллагуудын төлөөлөл илтгэл хэлэлцүүлсэн юм. Тухайлбал, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо (A-WEB)-ны Нарийн бичгийн дарга нарын газрын Харилцаа хамтын ажиллагаа, арга хэмжээ хариуцсан газрын дэд захирал Жо Жинжү, Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ли Тэрюн, Харилцаа, хамтын ажиллагааны газрын ахлах судлаач Ли Инна Ким нар “Сонгуулийн удирдлагын байгууллагын загвар” сэдвээр илтгэл тавилаа.

Түүнчлэн Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Сонгуулийн комиссын Сонгуулийн үйл ажиллагаа хариуцсан дэд дарга Шэбури Волтэр Рамабэлэ “ӨАБНУ-ын Сонгуулийн комиссын эрх зүйн байдал, чиг үүрэг” сэдвээр илтгэл танилцуулсан юм. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний сонгуулийн комиссын Газрын дэд дарга Ким Сэ Хүн “БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын эрх зүйн байдал, чиг үүрэг”, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн /International IDEA/-ийн Ахлах зөвлөх Антонио Спинэлли “Сонгуулийн удирдлагын байгууллагын хараат бус байдлыг хангах загвар” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ. Гадаад улс, олон улсын байгууллагын илтгэгчдийн дараа Академич Ж.Амарсанаа “Сонгууль-Шууд ардчиллын нэг чухал хэлбэр” сэдвээр илтгэл танилцуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ