А.БАЯР: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙЖ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДНА
2024.12.09
Улстөр

А.БАЯР: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД МЭДЭЭЛЭЛТЭЙ БАЙЖ АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ ЧАДНА

Өнөөдөр “Авлигын эсрэг олон улсын өдөр” тохиож байна. Авлигатай тэмцэх газраас жил бүрийн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, төрийн албан хаагч болон олон нийтэд чиглэсэн томоохон нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн тухайд АТГ-аас “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор авлигын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран төрийн албан хаагчдын дунд авлигын эсрэг хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргэж, авлига, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалтыг зохион байгууллаа.

Сургалтыг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, “Нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт, гарч буй зөрчил, дутагдал”, “АТГ, авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа”, “Авлигын гэмт хэрэг” гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр зохион байгуулж, холбогдох итгэлийг тавилаа.

Энэ үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Авлига, ашиг сонирхлоос ангид байх, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн албан хаагчдыг мэдээллээр хангаж, авлигын эсрэг сургалтыг зохион байгуулж байна. Төрийн албан хаагчид мэдээлэлтэй байж авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадна” хэмээн онцлов.

Мөн АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням “Авлигын эсрэг бүх нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ. Аливаа шийдвэр хууль, тогтоомж гаргахдаа хувийн ашиг сонирхолоо бус нийтийн эрх ашгийг нэгт тавьж чадвал авлигаас ангид байх бүрэн боломжтой” гэв. Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын болон орон нутгийн өмчит компанийн 700 гаруй албан хаагч хамрагдлаа.

ШИНЭ МЭДЭЭ