Х.Нямбаатар: Арьс шир боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 5,600 ажлын байр нэмэгдэнэ
2024.12.18
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Х.Нямбаатар: Арьс шир боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 5,600 ажлын байр нэмэгдэнэ

Монгол Улсын нийт хүн амын 65 хувь нь 2045 он гэхэд Улаанбаатарт суурьших хандлагатай байгаа талаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс мэдээлсэн. 

Тэгвэл сүүлийн 30 жилд Улаанбаатарт нүүж ирсэн хүний тоо хотын нийт хүн амын 45 хувьтай тэнцэж байгааг тус судалгаанаас харж болно. 

Ужгарсан Улаанбаатарын асуудал өчигдөр, уржигдрынх биш сүүлийн 30 жилийн авлига, хээл хахууль, дэд бүтцийн буруу тооцоолол зэргээс хамааралтай гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлж байсан удаатай. 

Хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, суралцах эрх зөрчигдөж байгааг цаг үеийн асуудалтай холбох нь зүйтэй. Тодруулбал, эрчим хүчний хараат байдлаас үүдэн хомсдолд орж, урьдчилан мэдэгдэх боломжгүй цахилгааны хязгаарлалт хийсэн, цаашид их бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэй байна гэдгийг УБЦТС-аас мэдэгдсэн. 

Мөн түүнчлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн долоо хоногт 10,688 дуудлага ирснээс 18.5 хувь нь томуу, томуу төст өвчний дуудлага байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 68 хувиар ихэссэн буюу нэг өдрийн дотор 2,140 дуудлага иржээ. Мөн Томуугийн 2-3 төрлийн вирус илэрч, эмнэлгээс гарсан ч давтан хэвтэх нь их байгаа аж.Үүнийг эмнэлгийн мэргэжилтнүүд агаарын бохирдолтой холбоотой гэж урьдчилан дүгнэж байна. 

Энэ мэт асуудлыг дурдаад дуусашгүй, чухам хэрхэн яаж, зөв гарц гаргалгаа хийх вэ гэдэг чухал асуудал болоод байна. 

Агаарын бохирдол, түгжрэл, дэд бүтцийн асуудлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр болон гаднын хөрөнгө оруулалтаар шийдэх шаардлага үүсээд буй. 

Энэ хүрээнд Хотын Захирагч Х.Нямбаатар энэ сарын 5-7-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо ажиллаж, 6-ны өдөр “Ub opportunity” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож, ирэх жилүүдэд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүдийг танилцуулжээ. 

Тус арга хэмжээнд БНХАУ-ын 200 аж ахуйн нэгжийн 459 бизнес эрхлэгчид  оролцсон байна. 

Үндсэн хоёр зорилготойгоор энэхүү арга хэмжээг зохиожээ. 

  • Улаанбаатар хотод хэрэгжүүлэх дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд БНХАУ-ын ААН байгууллагуудыг нээлттэй оролцох боломжийг олгох тендерийн өрсөлдөөнийг бий болгох
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн дагуу Улаанбаатар хот дэд бүтэц эрчим хүчний томоохон төсөл хөтөлбөрүүдийг мөн хөрөнгө оруулагч талуудад танилцуулах юм байна. 
Манай талаас танилцуулсан төсөл хөтөлбөр нэг бүрээр сонирхогч ААН байгууллагууд уулзалт зохион байгуулах ийм хүсэлтүүдээ тавьж байгааг Хотын дарга Х.Нямбаатар онцлов. 

Эл чуулга уулзалтаас дараах үр дүнгүүд гарсан байна. 

БНХАУ-ын хөрөнгө оруулагчид трамвай, гүүрэн байгууламж, хурдны замын төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Метроны чиглэл Амгалангаас Толгойт хүртэл нийт 17.7 км үргэлжлэх бөгөөд 14 буудалтай байх юм. Уг төслийн менежментийн зөвлөх үйлчилгээний ТЭЗҮ шинэчлэлтийн явц 70 хувьтай үргэлжилж байна. Тус бүтээн байгуулалтыг барьснаар замын хөдөлгөөний дундаж хурд 48 хувиар нэмэгдэх тооцоолол гарчээ. Түүнчлэн богино хугацаанд олон хүн тээвэрлэх боломжтой трамвайны урьдчилсан ТЭЗҮ-г ирэх оны хоёрдугаар сард боловсруулж дуусгах аж. Ирэх оны нэгдүгээр улиралд багтаан босоо тэнхлэгийн нэг шугамыг хийнэ. Уг шугамын чиглэл нь Зунжин худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл 20.4 км үргэлжлэх бөгөөд 23 буудалтай байх юм. Трамвайг нэвтрүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 22 хувиар нэмэгдэх ач холбогдолтой. 

Хот доторх хөдөлгөөний ачааллыг бууруулах хоёр түвшний тойрог хурдны авто зам байгуулах зөвлөх үйлчилгээний тендерийг шалгаруулаад байгаа бөгөөд ТЭЗҮ-г 2025 онд бүрэн боловсруулна. Уг авто замыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурдыг 27 хувиар нэмэх боломжтой юм байна. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж байсан туршлагатай БНХАУ-ын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах санал тавих, уулзалт зохион байгуулах хүсэлтээ ирүүлжээ. Тухайлбал, Гэр хорооллыг орон сууцжуулж, олон улсын жишигт нийцүүлэх төслийн талаар хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу  болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хорооллыг барина. 

Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Дараах есөн байршилд дулааны станцыг барина.

 Хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станц:

  • 1. Зайсан дулааны станц /28 МВт/
  • 2. Их засаг дулааны станц /50 МВт/
  • 3. Цэцэрлэгт хүрээлэн дулааны станц /70 МВт/
  • 4. Дүнжингарав дулааны станц /84 МВт/

Шинэ технологи ашиглан хатуу түлшний эх үүсвэртэй таван дулааны станц:

  • 1. Морингийн даваа дулааны станц /21 МВт/
  • 2. Залуус дулааны станц /93 МВт/
  • 3. Яармаг дулааны станц /93 МВт/
  • 4. Дэнжийн мянга дулааны станц /93 МВт/
  • 5. Шархад дулааны станц /121 МВт/

Хотын дарга Х.Нямбаатар хэлэхдээ “1954 онд Улаанбаатар хотод 500 мянган хүн амтай байхаар төлөвлөлт хийж байсан. Тухайн үед хотын захад арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулсан хэдий ч өдгөө хэт төвлөрлийн улмаас хотын төв хэсэгтээ байрших болсон.

Иймээс арьс шир боловсруулах үйлдвэрийг Эмээлт рүү шилжүүлэхээр төлөвлөн ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан бөгөөд зураг төслийг нь хийж байна. Ийнхүү 539 га талбайг хамрах Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийг шийдвэрлэх хүрээнд 24 МВт эрчим хүч, 106 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 8000 шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барихаар төлөвлөж байна.

Төсөл хэрэгжсэнээр жилд 7.5 сая арьс шир, 3 мянган тонн ноос, 5800 тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эд боловсруулах боломж бүрдэх юм. Мөн 5600 тогтвортой ажлын байрыг шинээр бий болгож буй" хэмээв.

Амаргүй цаг үед нийслэлийн иргэдийн амар амгалан аж төрөх бүхий л асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд уг арга хэмжээг зохион байгуулж, ганзага дүүрэн ирсэн хотын даргын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр ард иргэдийн итгэлийг алдахгүйгээр үргэлжлэх учиртай. Иймд шат дараатай томоохон төслүүдээ хөдөлгөх юм байна. 

ШИНЭ МЭДЭЭ