МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ИЦББХ: Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх мэдээллийг сонслоо
2024.12.19
Улстөр

ИЦББХ: Шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх мэдээллийг сонслоо

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2024.12.18/-ний өдрийн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батхүү шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаарх бодлогыг танилцууллаа. Тэрбээр, Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын салбарт Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацын тухай хууль, Технологи дамжуулах тухай хууль, Патентын тухай хууль болон бусад дүрэм, журам зэрэг 20 гаруй хууль эрх зүйн актууд мөрдөгдөж байна.

2024 онд Монгол Улсын Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Улсын Их хуралд өргөн барьж батлуулсан. Тус хууль батлагдсанаар шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тогтолцоог системтэйгээр бүрдүүлж, нийгэм, эдийн засаг, хүний амьдралын чанарын үзүүлэлт дээшлүүлэхэд шинжлэх ухаан, технологийг чиглүүлсэн. Түүнчлэн шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр төр, хувийн хэвшлийн түншлэл нэмэгдэж, салбар дундын болон салбар дамнасан хамтын ажиллагаа өргөжиж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоо оновчтой, олон эх үүсвэртэй болгон, ил тод байдал хангагдаж, санхүүжилт болон үр дүнг уялдуулан хяналтыг сайжруулах боломж бүрдсэн гэж үзэж байна. Шинжлэх ухааны салбарт 2024 оны 10 дугаар сарын байдлаар нийт 66 эрдэм шинжилгээний байгууллага (хүрээлэн, төв) болон эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын байгууллагууд тогтмол үйл ажиллагаа эрхэлж байна гээд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын санхүүжилтийн талаар танилцуулав. Шинжлэх ухааны салбарын 2023 оны санхүүжилтэд 49.3 тэрбум төгрөг зарцуулсны 78 хувь буюу 38.9 тэрбум төгрөг нь урсгал зардал, 22 хувь буюу 10.4 тэрбум төгрөг нь эрдэм шинжилгээний ажлын зардал бөгөөд энэ нь ДНБ-ний 0.11 хувийг эзэлж байна. Нийт зардлын дийлэнх хувь нь салбарын ажиллагчдын цалин хөлсний нэмэгдэл, төрийн албан хаагчдад тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой зардал эзэлж байна. Харин эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын санхүүжилт сүүлийн 3 жилд нэмэгдээгүй бөгөөд 2024 онд 12,4 тэрбум төгрөг хэвээр байна. Дээрх зардалд инновацийн чиглэлээр жилд дунджаар 1.0 - 1.5 тэрбум төгрөг тусгагддаг бөгөөд уг санхүүжилтийг шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хэрэглээнд нэвтрүүлэх, инновацын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, инновацын тэргүүлэх чиглэлд хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, давтан сургах, гадаад, дотоодын байгууллага, орон нутагтай хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэхэд зарцуулж байна. Цаашид 2024 онд шинээр батлуулсан Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, судалгаа шинжилгээний үр дүн, шинэ бүтээл, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхай, боловсруулах аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, логистик, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбаруудын бүтээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаан, технологийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл бүхий адилтгах санхүүжилт (Matching fund) болон хувийн хэвшлийн судалгаа хөгжүүлэлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн татварын таатай орчинг бий болгох, хэрэглээний шинжлэх ухаан, хиймэл оюун, дижитал бизнес, ногоон технологи, гарааны бизнесийг дэмжих инновацын хөрөнгө оруулалтын санг байгуулан ажиллуулах шаардлагатай гэв.


УИХ-ын гишүүн Ч.Ундрам, С.Цэнгүүн, Ч.Анар, Ж.Галбадрах нар улс орны хөгжлийн тулгамдсан асуудлуудаа эрэмбэлэсний дараа шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд ямар бодлого баримталж буй талаар, эрдэм шинжилгээний өгүүлэлийг олон улсын төвшинд хэвлүүлэхээс гадна хөгжлийн бодлогыг тодорхойлоход хэрэгжүүлэх тухай санал хэлж, асуулт асуув. Мөн шинжлэх ухаан инновацын салбарын ач холбогдлыг таниулах ажлыг хэзээнээс эхлэх вэ зэрэг асуултыг асууж байв. Ажлын хэсгээс гишүүдийн асуултад хариулахдаа, 2026 он хүртэл Монгол Улсын шинжлэх ухаан технологийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд хүний хөгжлийн судалгаа болон хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, ногоон хөгжил, эрчим хүч, аж үйлдвэр, өндөр технологийн судалгаа гээд 2-3 цөм технологиудыг баталсан. Шинжлэх ухаан, технологи, инновацын Үндэсний хороог байгуулан, Ерөнхий сайд ахлахаар хуульчилж өгсөн байгаа. Энэхүү зөвлөлд итгэл найдвар тавьж байна. Ирэх 2025 оны төсөвт өмнөхийн адил 10-12 тэрбумыг судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулахаар төсөвлөсөн. Энэхүү хөрөнгө бол 4-5 км хатуу хучилттай зам барих төсөв юм. Тиймээс шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх бодлогод эрс өөрчлөлт хийхийн тулд улс төрийн болон бодлогын дэмжлэг хэрэгтэй гэдэг УИХ-ын гишүүдийн байр суурийг дэмжиж, хамтран ажиллахыг зорьж буйгаа илэрхийллээ. Түүний дараа Улсын Их Хурлын 2024 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын албаны дарга А.Лувсан-Очир танилцуулсан.

Тэрбээр, Монгол Улсын хэмжээнд харилцаа холбооны сүлжээ байгуулах 19 тусгай зөвшөөрлийг 12 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Гар утасны үйлдвэрлэгчид олон улсын холбогдох стандартын дагуу сүүлийн үеийн гар утаснуудад яаралтай тусламжийн 112 дугаарыг системд нь суулгаж үйлдвэрлэж байна. Монгол Улсын хувьд олон улсын стандартыг мөрдөлгүй, яаралтай тусламжийн үйлчилгээнд 10х гэсэн олон дугаарыг ашиглаж байгаа нь хэрэглэгч яаралтай тусламжийн дугаарт холбогдож чадахгүй нөхцөлийг бий болгож байна. Иймд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж улсын хэмжээнд 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Цаашид харилцаа холбооны сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөөнд “112” дугаарыг тусгах, одоо ашиглаж буй 10х, 11х дугаарлалтуудыг чөлөөлөх, өөр дугаарлалт руу шилжүүлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Ингэснээр улсын хэмжээнд яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарлалтад шилжүүлсэнээр яаралтай тусламжийн дугаарт холбогдож чадахгүй байгаа хэрэглэгчийн асуудал шийдвэрлэгдэхээс гадна улсын хэмжээнд аль ч операторын хэрэглэгч өөрийн сүлжээ байхгүй ч бусад операторын сүлжээгээр дамжуулан яаралтай тусламжийн дугаарт холбогдох боломж бүрдэнэ гэв. Байнгын хорооны хуралдаанд үүрэн холбооны операторуудын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлсний дараа байнгын хорооны зарим гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ