УИХ-ын чуулганы /2024.12.26/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Цахилгаан станцын хувьд 56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 198 орчим мегаваттын хүчин чадалтай. Бидний хувьд нэг их олон сонголт байхгүй болсон. Бид удаан бодсон. Боломжууд бас нэлээдгүй байсан. 2016 онд анхлан энүүнийг ярьж эхэлж байхад л "үнэтэй байна өөр боломжийг хайя" гэсэн. 2016 оноос хойш нүүрсний цахилгаан станцын санхүүжилт чангарчихсан уу гэхээс биш боломж нэмэгдээгүй. Одоо бол Хятад ч өгөхөө байсан. Ши Жиньпин дарга НҮБ-ын хурал дээр зарласан шүү дээ. Үүнд, нүүрсний цахилгаан станцад санхүүжилт олгохгүй гэж. Ийм болчихсон цагт ахиад үргэлжлүүлээд 5-10 жил бодож суух хугацаа байхгүй.
Хоёрдугаарт, 5 дугаар цахилгаан станцын санхүүжилт нь бэлэн, ТЭЗҮ нь хийгдчихсэн байсан цаг үе байсан. 2012-2016 онд миний мэдэж байгаагаар олон улсын хэд хэдэн байгууллагуудаас "санхүүжилт нь бэлэн байна. Танайх хурдан авбал одоо аваад хий, үгүй гэвэл дахин нүүрсний цахилгаан станцын санхүүжилтийг олж өгч чадахгүй. Парисын гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр болчихсон" хэмээн зөвлөж байхад бид бас л яг ийм юм яриад сууж байсан. Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг шиг хэрэглээ байхгүй гээд аваагүй. Улс эх орон хөгжинө, бидний хэрэгцээ ихэснэ гэж тооцохгүй байж байгаад өнөөдөр бидямар байдалд ороод сууж байгаагаа бодох хэрэгтэй. Б.Чойжилсүрэн сайд аа! зургаа ч хийж, нарийн тооцооллоо ч гаргаж чадаагүй байгаа цагт түрүүлж дүгнэлт хийх бол утгагүй. Хэрвээ зургаа ч хийж чадахгүйгээрдүгнэлт хийдэг болбол ямар ч мега төсөл явахгүй. Жишээ нь энд байтугай мөнгөөр зураг төсөв хийж байгаад явуулах эсэх нь дараагийн асуудал. Явуулахгүй байх ч бүрэн эрх нь байгаа. Учир нь энэ нь Монгол Улсын ЗГ-ын том өр болох учраас УИХ-аар заавал оруулж ирээд яг ингэж хэлэлцэж байгаад л хэдүүлээ баталж л таараа. Тэгэхдээ бидний дараагийн том сонголт нь хэрвээ "үгүй" гэвэл улсын төсвөөсөө л үүнийг санхүүжүүлж том эх үүсвэрийг өөрсдөө барихаас өөр аргагүй нөхцөл байдал болно гэсэн үг. Жишээ нь метроны төсөл дээр1 дүгээр шугам нь ашиглалтад ороход 300мвт шаардлагатай. Дээрээс нь нэмээд зарим нэг хувийн хэвшлийнхээ төсөл дээр ажиллахаар шууд л "эрчим хүч байхгүй шүү. Танайх төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол өөрсдөө жижиг ч гэсэн цахилгаан станц бариарай" гэдэг. Энэ мэтээрүйлдвэржсэн улс болно гэж бол байхгүй. Саяхан Оронагийн гэрээг Чайна Энержигийн энэ асуудлуудыг ярилаа. Тог цахилгаангүй харанхуйд лаа барьж суучхаад мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярих нь ичгэвтэр. Тиймээс эхний шатанд зураг төсвийг нь хийлгээд үзье. Болохгүй бол бид нарт "үгүй" гэж хэлэх бүрэн боломж байгаа.