УИХ-ын гишүүн Т.Аубакир онцгой байдлын газарт тоног төхөөрөмж гардууллаа
УИХ-ын гишүүн Т.Аубакир 2023 онд батлагдсан 2024 оны улсын төсөвт аврах, эрэн хайх ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулж 900.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн билээ.
Энэ ажлын хүрээнд бульдозер, экскаватор, усны мотоцикл, моторт завь зэрэг орчин үеийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмжийг тус албанд хүлээлгэн өглөө.
Энэхүү шинэчлэл нь гамшиг, ослын үед иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, аврах ажиллагааг илүү хурдан, үр дүнтэй зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулах юм.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
"Баян-Өлгий аймгийнхаа онцгой байдлын албанд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгч байна. Онцгой байдлын хувьд ихээхэн онцлогтой байгууллага. Байгалийн давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед иргэд амь нас, иргэн ААН-үүд маань хөрөнгө мөнгөөр хохирох эрсдэлтэй байдаг. Тиймээс байгалийн давагдашгүй хүчин зүйлийн үед нэн шаардлагатай байсан экскаватор, гинжит бульдозер, усны моторт завь гэх мэт техник, тоног төхөөрөмж хэрэглэлүүд дутмаг байдаг. Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зарим тоног төхөөрөмж хэрэглэлүүдийг 100% шийдэж өгч буй. Хэдийгээр Баян-Өлгий аймагт хувийн хэвшлүүд экскаватор эзэмшдэг ч яг богино хугацаанд могулязац хийгээд очиход техник хүрэлцээгүй байсан. Иргэдийн аюулгүй байдлыг хангах их үйлсэд зүтгэж буй Онцгой байдлын албаны албан хаагчдад амжилт хүсье! Та бүхний хичээл зүтгэл бүхэн эх орон, ард иргэдийн төлөөх үнэт хувь нэмэр билээ" гэв.