Н.Учрал: Ураны хөрөнгө оруулалтын гэрээн дээр өгөөжийн тохируулга хийхээр нөгөө талтай тохирсон
2025.01.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Н.Учрал: Ураны хөрөнгө оруулалтын гэрээн дээр өгөөжийн тохируулга хийхээр нөгөө талтай тохирсон

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлах MV-018915 дугаартай “Дулаан-Уул”, MV-018916 дугаартай “Зөөвч-Овоо”, MV-018914 дугаартай “Өмнөт” цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Бадрах Энержи” ХХК-ийн төрийн эзэмшлийн 34 хувийн хувьцааг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр болон 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаанд хөрвүүлж, орлуулахаар тус, тус тогтсон.

Тэгвэл өнөөдөр төсвийн байнгын хороогоор “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал:

-Төр эзэмшлийнхээ 34 хувиас татгалзана гэсэн ойлголт байхгүй.Төрийн эзэмшлийн 34 хувийг АМНАТ-аар юм уу бүтээгдэхүүн хуваахаар орлуулах эрх нь УИХ-д байгаа учраас энэ хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл дээр л орлуулах шийдвэрийг УИХ-ын тогтоолоор албажуулах гэж байна. УИХ-ын тогтоол гарвал хөрөнгө оруулалтын гэрээн дээр л 34 хувь нь АМНАТ-аар орлоно гэсэн үг. Бид юун дээр тохиролцсон бэ гэхээр юуг Засгийн газрын өгөөж гэж үзэх вэ, юуг хөрөнгө оруулагч талын өгөөж гэж үзэх вэ гэдэг дээр тохиролцох гэж нэлээдгүй ажилласан. Энэ хүрээнд 13 татвар, төлбөрийг Монголын Засгийн газрын өгөөж гэж үзнэ гэж хатуу тавьж өгсөн.

Үүн дотор маркетингийн зардал зэргийг тооцоогүй. Хөрөнгө оруулагч тал үүнийг өөрсдийнхөө өгөөж гэж үзнэ гэсэн. 13 өгөөжийг нь аваад үзэхэд 50+1 бол хангагдаж байгаа. Гэхдээ бүтээгдэхүүнийхээ үнэ зах зээл дээр хэрхэн хэлбэлзэж байгаагаас шалтгаалаад зарим тохиолдолд 51 хүрэхгүй, эсвэл даваад явчихвал хөрөнгө оруулалтын гэрээнд өгөөжийн тохируулга хийх тохиролцоонд хүрсэн. Хөрөнгө оруулагч тал ашгаасаа шууд манай талд 50+1-ийг хангуулах тал дээр нөхөж өгнө гэсэн. Үндсэн хуулийн 6.2-ийг барьж санхүүгийн схемийг бид өөрсдөө боловсруулсан. Гурван олон улсын компани дотоодын санхүүгийн шинжилгээний компаниуд оролцсон.

16 жил энэ хөрөнгө оруулалтын гэрээ үргэлжилнэ гэвэл өнөөдөр нэг фунт ураны үнэ 80 ам.доллараар бодож үзвэл зөвхөн өгөөжийн тохируулга дээр 100 сая ам.доллар нөхөж хийнэ гэсэн үг. Тиймээс 50+1 зарчмаа бариад бидний санхүүгийн схем дээр нөгөө тал ажилласан.

ШИНЭ МЭДЭЭ