2025.01.14
Гадаад харилцаа
Гадаад харилцааны сайд Лос Анжелесийн түймэртэй холбогдуулан АНУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийллээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төр засаг, ард түмэнд хандан эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр твиттер хаягтаа /одоогийн Х платформ/ “Өмнөд Калифорнид гарсан гамшигт ой хээрийн түймрийн улмаас хүний амь нас хохирч, сүйдсэнд гүнээ харамсаж байна. Би Монгол Улсын Гадаад хэргийн сайдын хувьд амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, энэхүү эмгэнэлт явдлын улмаас амь нас нь хохирсон бүх хүмүүст эмгэнэл илэрхийлье.
Энэ хүнд хэцүү цаг үед Монголын ард түмэн Калифорниа, АНУ-ын ард түмэнтэй хамт байна. Бидний нөхөрлөлийн бат бөх байдал цаашид улам бэхжиж, аливаа сорилт бэрхшээлийг даван туулах итгэл найдвар, тэсвэр хатуужлыг төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бид хамтдаа хоёр орныхоо илүү гэрэлт ирээдүйг бүтээж чадна" хэмээн бичжээ.
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотод өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагаас эхлэн дэгдсэн түймэр одоо ч унтраагүй байгаа билээ. Энэхүү гамшгаас болж 24 хүний амь нас эрсдэн, олон мянган барилга байгууламж шатаж, эдийн засгийн асар их хохирол амсаад байгаа юм.