2025.01.25
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Х.Нямбаатар: Хотын агаарын бохирдлыг бууруулах шуурхай штабын бүрэлдэхүүн өргөжиж байна
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын III хуралдаан өнөөдөр боллоо.
Бүрэлдэхүүнд УИХ-д суудалтай намын дарга нар, эрдэмтэн судлаачид, хотын дарга асан, хувийн хэвшлийн төлөөлөл орж өргөжиж байгаа талаар Хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэв. Бүгд хамтдаа хотынхоо хөгжлийн хэтийн төлөв, ойлголтоо нэгтгэж, төсөл хөтөлбөрүүдээ хэлэлцэж, шүүсэн болохыг тэрбээр онцлов.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Туулын хурдны зам болон босоо тэнхлэгийн I тойрог замын төслийн ажлын төлөвлөлт, автозам, гүүр, гүүрэн байгууламжийн бусад төрлийг харилцан уялдуулах,
- Гэр хорооллын зарим өрх айлын халаалтыг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон хийн түлш ашиглан шийдвэрлэх ажлын явц, тулгамдаж буй асуудал, мега төсөл, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх,
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах,
- Агаарын бохирдлыг бууруулах эрх зүйн зохицуулалт, хууль, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх санал зэрэг асуудлыг хэлэлцжээ.