Х.Жангабыл: Инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг 6 хувиар нэмлээ
Сүүлийн 30 гаруй жил ярьсан ч амьдралд бодит биеллээ олоогүй, “гацсан” төслүүдийг гацаанаас гаргаж, хөгжил дэвшлийг тушсан чөдрийг тайлах эхний алхмуудыг Улсын Их Хурал энэ удаагийн чуулганаараа хийж чадлаа. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хамтарсан Засгийн газраа бүрэн дэмжиж, дээр дурдсан мега төслүүдийг хөдөлгөхөд онцгой анхаарч ажиллалаа. Улсын Их Хурлын намрын чуулган ирэх оныхоо улсын төсвийг хэлэлцэн баталдаг нь хуулиар тогтоосон үүрэг юм. Гэхдээ 126 гишүүнтэй парламентын намрын чуулган өмнөх намрын чуулгануудын хэвшмэл жишгийг өөрчилж , АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВӨӨ БАТЛАЖ чадлаа.
Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймагт нийт 314 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 17 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо. Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиар инфляцын түвшинтэй холбогдуулж тэтгэврийг 6 хувиар нэмлээ. Үүний дүнд ахмад настны тэтгэврийн худалдан авах чадвар буурахгүй байх нөхцөл боломж бүрдэж байгаа төдийгүй инфляцын түвшинтэй уялдаж тэтгэвэр нэмэгдэж байх тогтолцоонд шилжиж байна.
Мөн УИХ-аар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, тэргүүлэх 4 чиглэлийн хүрээнд 14 мега төсөл, тогтвортой хөгжлийг хурдасгах 149 төслийг хэрэгжүүлэхээр болсноос эрчим хүчнийхээ 80%-ийг импортолдог баруун бүсэд 1,2 их наяд төгрөгийн өртөгтэй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг тусгалаа. Энэхүү бүтээн байгуулалтыг эхлүүлснээр 366 сая кв.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж баруун бүсийн аймгуудын цахилгаан эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэх юм.