МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.01.27
Зам, Тээвэр

Д.Энхтүвшин: Гэрээ хэлцлийг үр ашиггүй болгохуйц 8 заалтыг дэмжихгүй

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. 

Хуралдаанаар  “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2025.01.22-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/ эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ганц мод Гашуунсухайт боомтын хил холболтын төмөр замын төслийг дэмжиж байгаа. Монголчууд өөрсдийнхөө буюу төрийн өмчит компанийнхаа мөнгөөр хөрөнгө оруулалтыг хийе гэж байгаа. Нөгөө талдаа гэрээ хэлцлийг үр ашигтай хийгээд ир гээд явуулсан чинь “Ухаангүй ноёнд урагшгүй албат” гэдэг шиг юм болжээ. Монголын талд ногдох давуу талыг нь сайн болгоод ир гэсэн чинь гэрээнд байхгүй заалтуудыг нэмээд Хятадын талд ашигтай заалтуудыг оруулаад ирсэн байна. 

Тухайлбал, үүнд найман заалт байгаа бөгөөд өөрчлөхгүй бол хэлэлцээрийг төслийг дэмжих боломжгүй. Сайжруулах шаардлагатай гэж үзэж байна. 

  • Нэгдүгээрт, УИХ-ын тогтоолын төсөл дээр гэрээг бол хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлтсээр гэж байсныг оруулж ирсэн төсөл дээр нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадал гэж нэмсэн байна. Үүнийг УИХ-ын тогтоолын төсөл дээр гэж болгомоор байна. 
  • Хоёрдугаарт, гэрээний талууд дээр хятадын талаас “Чайна Энержи” хөрөнгө оруулалтын компанитай хамаарал бүхий хуулийн этгээдтэй хамтран ажилладаг хятадын санхүүжилттэй гэхээр ер нь хятадын бүх компанийг оруулж ирэх гэж байна. Тэгэхээр үүнийг өөрчлөх шаардлагатай. Ийм зүйл яригдаагүй. 
  • Гуравдугаарт, урьдач нөхцөл гэдэг зүйл бий. Гэрээн дээр үзэл баримтлал нь 3.1 гэж явж байгаа бол гурвуулаа зэрэг явах ёстой байтал нүүрсний худалдаа хийж байж, уурхайн гэрээ хийж байж, төмөр замын асуудал ярина гэсэн урьдач нөхцөл орсон байна. Үүнийг өөрчил. 
  • Дөрөвдүгээрт, нүүрсний гэрээтэй холбоотой заалтан дээр үнэ тооцож байгаа уурхайн ам гэж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд нүүрс тээвэр хийж сурсан, хөрөнгө оруулалт болон уурхай ажиллуулаад сурсан боломжуудыг ингээд хятадуудад өгөх гэж байна. Тэгэхээр үнийн нөхцөл, эрчим хүчний заалтаа оруулах хэрэгтэй.  
  • Тавдугаарт, хятадын компаниудад аж ахуйн нэгжийг арилжааны зарчмаар оролцуулахыг дэмжиж таатай нөхцөл бүрдүүлнэ гэсэн заалт тогтоолын төсөл дээр байхгүй учир үүнийг хас. 
  • Зургаадугаарт, хятадын сэргээгдэх эрчим хүчний компаниудыг дэмжих заалт орсон байна. Энэ ч мөн адил УИХ-ын тогтоолын төсөл дээр байхгүй учраас авах хэрэгтэй. 
  • Долдугаарт, нууцлалтай холбоотой асуудал байна. Тавантолгой ХК дээр үеийн үед хулгай, авлига гарч байсан. Тэгэхээр ийм асуудал гарч магадгүй учраас нууцлах зүйл байхгүй. Хэрвээ хятадын үнэхээр нууцлах хэрэгтэй гэж бодож байвал гэрээгээ ерөнхийд нь хийж, нарийн зохицуулах асуудлаа тусдаа гэрээлэх ёстой. 
  • Наймдугаарт, авлигатай холбоотой заалт оруулмаар байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар хятадын төрийн өмчит компани, монголын талаас улс төрийн өндөр албан тушаалтан тодорхой хэмжээний авлига өгсөн бол гэрээ цуцлагдах ёстой гэсэн заалт оруул.   

Энэхүү гэрээг хийхийн өмнө суртал ухуулгын томоохон акц явсан.Эсэргүүцэх хүн байхгүй байхад эсэргүүцээд байгаа юм шиг асуудал гарсан. Над руу нэлээн дайралт ирсэн. Миний хувьд төмөр замын уг төслийг дэмжиж байгаа” хэмээв.

ШИНЭ МЭДЭЭ