2025.01.06
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:
Монгол Улсын хөгжлийн түгжрэлийг түгжээнээс гаргах ногоон гэрэл нь юу вэ? Энэ бол миний бодлоор аж үйлдвэржилт. Аж үйлдвэржилтийг бид хоёр түвшинд авч үзэх ёстой.
Нэгдүгээрт, Монгол Улсад байгаа хамгийн гол нөөц баялаг эдийн засгийн эх үүсвэр суурийг бүрдүүлж буй уул уурхай, эрдэс баялгийн салбар дээрээ тулгуурласан хүнд аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэх. Үүнийгээ дагаад мөн бидний хоёр дахь эдийн засгийн тулгуур багана болсон нь ХАА-н салбар. ХАА-н салбарын түүхий эд, нөөц боломж, бүтээгдэхүүнд суурилсан хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх ёстой. Энэ хоёр салбар эн тэнцүү хөгжиж байж бие биеийн хэрэглэгч болж нэгнийгээ нөхөж, орлож, кластерын зарчмаар хөгжиж гэмээ нь Монгол Улс аж үйлдвэржсэн улс болно.
Хоёрдугаарт, Аж үйлдвэржилтийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хүнд үйлдвэрийн салбарууд дээр хөрөнгө оруулалтын дэмжлэг хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь нэн чухал юм. Харин хөнгөн болон хүнсний үйлдвэрийн салбар дээр дотоодын зах зээлийг хамгаалах, тухайн зах зээл дээр үйлдвэрлэлээ эрхлэх, эрхэлсэн гаргасан бүтээгдэхүүнээ худалдан борлуулах борлуулалтын дэмжлэг эрх зүйн орчин чухал байгаа. Ингэж чадсан цагт бид нар аж үйлдвэрийн түгжрэлээс ногоон гэрлээр гарах боломжтой!