Б.Баярбаатар: Сонсголоос гарах шийдвэрээс агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах шийдэл гарна
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлгийг явуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ хүрээнд “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдвийн хүрээнд гурав дахь хэлэлцүүлэг өнөөдөр /2025.01.29/ Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд эхлэв.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, П.Батчимэг, Г.Ганбаатар, Ж.Золжаргал, Б.Мөнхсоёл, Ж.Чинбүрэн, Б.Уянга, С.Эрдэнэболд, Х.Булгантуяа, М.Нарантуяа-Нара нар болон холбогдох төрийн байгууллага, яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, салбарын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл болох нийт 111 хүн оролцож байна.
Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэлэлцүүлгийг нээж, үг хэлэв.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуралдаж, асуудлын цар хүрээ, ажиллах боломжийг харгалзан мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасан журмыг тус тус баримтлан Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 02 дугаар сарын 03, 04-ний өдөр “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” гэсэн сэдвээр зохион байгуулахаар тогтож, тогтоол баталсныг онцлоод ажлын хэсэг ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталж, бэлтгэл ажлын хүрээнд гурван удаагийн дэд хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсэн гэв.
Мөн тэрбээр, өнгөрсөнд Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд (Амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах) сэдэвт эхний хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Утааны асуудал:Стандарт, хяналт (зуух түлшний технологи) сэдэвт удаах хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн З.Мэндсайхан даргалсныг дурдахын зэрэгцээ эдгээр хэлэлцүүлэгт төрийн болон төрийн байгууллага, иргэдийн төлөөлөл болох нийт 290 гаруй хүн оролцож, 33 иргэн асууж асууж, хариулт авч, санал хэлснийг тэмдэглэлээ.Хэлэлцүүлгийг хааж, Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлээд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах ажлын хэсгээс гурван удаагийн хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэсний хүрээнд зохион байгуулсан “Утааны асуудал: эрх зүйн орчин, бодлого, шийдвэрийн хэрэгжилт, санхүүжилт, зарцуулалт, хариуцлага” сэдэвт дэд хэлэлцүүлэгийг амжилттай зохион байгуулсныг дурдлаа.
Мөн эдгээр цуврал хэлэлцүүлэг, Ерөнхий хяналтын сонсголоор бид урт, дунд, богино хугацаанд гарах үр дүнг зөв тодорхойлсноор утааны асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг онцлон тэмдэглэв. Өнгөрсөн 25 жилийн турш утаа, агаарын бохирдлын талаар ярьж эхэлсэн ч жилээс жилд утаа нэмэгдэж, хоруу чанар нь ихэссэн гашуун түүхээс сургамж авах цаг болжээ. Утаа нь гамшгийн хэмжээнд хүрч, Монгол Улсын иргэн Б.Мөнгөнхишигийн санаачилгаар 70 мянга гаруй иргэд гарын үсэг зурснаар өнөөдөр гурван дэд хэлэлцүүлгийг зохион байгуулж, улмаар Ерөнхий хяналтын сонсголоо хийхээр болсон. Шаардлагатай бол түр хороо байгуулах асуудлыг ажлын хэсгийн хүрээнд ярилцана гэдгийг мэдэгдлээ.
Эдгээр дэд хэлэлцүүлэг, ерөнхий хяналтын сонсгол хийсний маргаашаас утаа арилахгүй нь тодорхой ч ерөнхий хяналтын сонсголоос гарах шийдвэр нь агаарын бохирдлыг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулах шийдлийг иргэний нийгмийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч гаргах зайлшгүй том зорилго, том сорилт биднийг хүлээж байна гэдгийг хуралдаан даргалагч Б.Баярбаатар гишүүн хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв