
Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийг /2026.06.19/-ны өдрийн чуулганаар баталлаа. Энэхүү анхдагч хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, М.Мандхай, Б.Бейсен, Д.Үүрийнтуяа, Б.Бат-эрдэнэ, Г.Хосбаяр нар эдүгээгээс яг нэг жилийн өмнө буюу 2025 оны 06-р сарын 19-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Хуулийг төслийг санаачлагчид:Уг хууль нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг бүхэлд нь хамарсан анхны суурь хууль болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.Энэ хууль хэрэгжиж эхэлснээр хэд хэдэн томоохон өөрчлөлт гарна.1. Төрөөс хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлогын нэгдсэн зарчим бий боллоо. Өмнө нь мал аж ахуй, газар тариалан, тэжээл, агро-ойн аж ахуй зэрэг нь тус тусдаа хөгжиж байсан бол одоо нэг бодлого, нэг зорилгын хүрээнд уялдаатай хөгжих эрх зүйн орчин бүрдэж байна. 2, Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх өртгийн сүлжээг хуулиар зохицууллаа. Аймаг, суманд түүхий эдийг төвлөрүүлэх, ангилах, хадгалах, анхан шатны боловсруулалт хийх, борлуулах төвүүдийг төрийн дэмжлэгтэй, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдлээ. Ингэснээр малчид, тариаланчид илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд оролцох өрсөлдөх чадвар сайжирч, илүү үр ашиг хүртэх боломж нэмэгдэнэ. 3 Төрийн дэмжлэгийг шинэ зарчимд шилжүүллээ. Цаашид зөвхөн үйлдвэрлэл эрхэлдэг гэдгээр бус, чанар, бүтээмж, стандарт, экспортын чадамж, нэмүү өртөг бий болгож байгаа эсэхийг харгалзан төрийн дэмжлэг үзүүлэх эрх зүйн зохицуулалт бий болсон. Энэ нь татвар төлөгчдийн мөнгийг илүү үр ашигтай зарцуулах суурь болно. 4 Уур амьсгалын өөрчлөлт, зуд, ган зэрэг эрсдлийг хуульд тусгайлан тусгасан. Эрсдлийг зөвхөн гамшиг болсон хойно нь бус, урьдчилан үнэлэх, төлөвлөх, даатгалын тогтолцоотой уялдуулах шинэ зохицуулалт орсон. УИХ-ын гишүүн, Хуулийн төслийг санаачлагч М.Мандхай:Өнөөдөр бид зөвхөн нэг хууль батлаагүй. Харин Монголын эдийн засгийн тулгуур салбарын хөгжлийн шинэ тогтолцоог эхлүүлж байна.Манай улсын нийт ажиллах хүчний бараг дөрөвний нэг нь энэ салбарт ажиллаж байгаа ч салбарын бодлого олон хуульд хуваагдсан, үйлдвэрлэл нь түүхий эд нийлүүлэх түвшинд үлдсэн, төрийн дэмжлэг нь үр дүн, бүтээмжтэйгээ тэр бүр уялддаггүй байсан. Энэ асуудлыг цэгцлэх зорилгоор энэхүү хуулийг боловсруулан батлууллаа.УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ:Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн төрийн урт, дунд хугацааны бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, нөөц ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.Хүн амыг хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн баталгаат хүнсээр, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр тасралтгүй хангах боломжийг бүрдүүлж, экспортыг нэмэгдүүлнэ. Мөн анх удаа салбарын нэгдсэн цахим бүртгэл, мэдээллийн тогтолцоо бий болж, үйлдвэрлэл, гарал үүсэл, худалдааны мэдээлэл хоорондоо холбогдох боломж бүрдэж байна. Энэ хууль 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Энэхүү хууль бол зөвхөн малчин, тариаланчдад зориулсан хууль биш. Энэ бол хүнсний аюулгүй байдал, экспортын өрсөлдөх чадвар, орон нутгийн хөгжил, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг шинэ шатанд гаргах эрх зүйн суурь хууль юм.
Цааш унших
2026.06.30

2026.06.24

2026.06.23

2026.06.22

2026.06.19

2026.06.18









Та өөрийн цахим шууданг бүртгүүлсэнээр уулзалтын зар, тойрогтоо хийсэн ажлын мэдээлэл болон батлагдсан хуулиудын мэдээллийг таны цахим шууданруу илгээх болно.