
"Ардчилсан сэргэлт" холбооны зорилго, үйл ажиллагааны талаар хэлэлцэж байна

Завхан аймгийн Тэлмэн сумын ахмадууд Төрийн ордон болон УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа. Тэлмэн сумын ахмадууд та бүхэндээ эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ахмад настнуудын төлөөллийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалын хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Тосонцэнгэл суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд болон өөрийн санаачилсан хуулийн төслийн талаар товч мэдээлэл өглөө. Ахмад буурлууддаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Боловсролын яамнаас хамтран зохион байгуулсан “Түүхийн багш нарын анхдугаар зөвлөгөөн” 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнд бүх шатны сургуулийн түүхийн багш нар, яам, агентлаг, музейн боловсрол хариуцсан арга зүйч, мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид зэрэг 600 гаруй төлөөлөгч оролцов.Тус зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийн түүхийн багш нарын төлөөлөл болсон эх түүхийн эздэдээ талархал илэрхийлж, өвөг дээдсийнхээ бүтээн бий болгосон түүх, соёлын гайхамшигт өвийг дээдлэн хүндэтгэж, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын хүрээнд Монгол улсад байгаа угсаатны бүлгүүдийн түүхэн тойм, өв соёлын үнэт зүйлсийг судлан тодруулж нэгэн боть болгон баринтагласан “Монгол үндэстэн угсаатны түүх, өв соёлын үнэт зүйлс” номоо бэлэглэлээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Д.Соронзонболд, Б.Найдалаа, Р.Батболд, Б.Мөнхсоёл нарын хамт МҮХАҮТ-аас зохион байгуулж буй “Бизнес өглөөний цай” арга хэмжээнд оролцлоо. Ингэхдээ, Бизнесийн орчныг ойлгомжгүй байдал, шаардлагагүй хүнд суртал, татварын шударга бус байдлаас гаргах хүрээнд боловсруулагдаж буй: 1. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль2. Зөвшөөрлийн тухай хууль3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль4. Татварын ерөнхий хууль5. Хувь хүний орлогын албан татварын тухай хууль6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль7. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэгт оруулахаар боловсруулагдаж буй нэмэлт өөрчлөлтийн агуулга, гол заалтуудыг Танхимын гишүүн байгууллагуудын төлөөлөгч нарт танилцууллаа.

Улсын Их Хурлын даргын 2025 оны 523 дугаар захирамжаар байгуулагдсан “Эдийн засаг, бизнес банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2026.03.31/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.Тус уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Л.Соронзонболд, Б.Мөнхсоёл, Р.Батболд, Б.Түвшин нар оролцсон бөгөөд арга хэмжээг нээн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлэв. Тэрбээр, бизнесийн орчны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь өнөөдрийн нэн тэргүүний зорилт болохыг тодотгосон юм.Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч, Д.Энхтүвшин хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэлгэрэнгүй танилцуулж, энэхүү шинэчлэлийн гол цөм болох Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг онцлов. Тэрбээр, танхимын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэ шатанд гаргахаар төлөвлөж буйгаа тайлбарласан. Ингэснээр одоогийн Үндэсний болон аймаг, нийслэлийн танхим гэсэн бүтэц дээр эдийн засгийн салбар бүрээр төрөлжсөн "Салбарын танхим" болон гадаад улсад ажиллах төлөөлөгчийн газруудыг нэмж байгуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Салбарын танхимыг тухайн чиглэлийн 50-иас доошгүй аж ахуйн нэгж нэгдэн байгуулах бөгөөд энэ нь салбар бүрийн өвөрмөц асуудлыг төр засагтай мэргэжлийн түвшинд хэлэлцэх бодит "гүүр" болно гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн Танхимын удирдлагыг улс төрөөс ангид, бизнесийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх шалгуурыг оруулснаас гадна төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлдэг зарим үйлчилгээг Танхимд гэрээний үндсэн дээр шилжүүлж, хүнд суртлыг халах боломж нээгдэж буйг дурдаад, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн талаар тусгай зөвшөөрлийн тоог 250-аас 205 болгон цөөлж, бүх үйл явцыг бүрэн цахимжуулахаар төлөвлөснөө дуулгав. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтөөр хуулийн этгээдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх, эд хөрөнгө битүүмжлэх асуудлыг зөвхөн шүүхээр хэлэлцдэг болгож, өмчийн эрхийн хамгаалалтыг эрс чангатгаж байгааг онцолсон юм.Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Татварын багц хуулийн төсөл болон Ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлтийг бизнес эрхлэгчдэд дэлгэрэнгүй танилцууллаа. Тэрбээр, татвар төлөгчдөд ирэх ачааллыг бодитойгоор бууруулж, бизнесийн орчинд шинэ эрч хүч авчирна гэдгийг тодотгов. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгон нэмэгдүүлэх нь иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж, зах зээл дэх мөнгөний эргэлтийг сайжруулна гэлээ. Харин уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгон бууруулах нь үндэсний үйлдвэрлэгчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн асар том боломж олгож, бизнесийн цар хүрээгээ тэлэх, шинэ ажлын байр бий болгох хамгийн том дэмжлэг болохыг тайлбарлалаа.Уулзалтын хэлэлцүүлгийн хэсэгт бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөгийн эрх зүйн орчинд тулгарч буй бодит хүндрэл бэрхшээлүүдийг нээлттэй илэрхийлж, хуулийн шинэчлэлүүд нь амьдрал дээр хэрхэн хэрэгжих механизмыг нарийвчлах шаардлагатай байгааг санууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс зохион байгуулсан “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН” төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцож өөрийн байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Б.Түвшин: “Юуны өмнө бол Туулын бургас болбол Улаанбаатар хотын уушги юм аа гэж байгааг дуулгачихъя гэж бодож байна. Энэ төслийг харахад 1 нэгдүгээрт асар их өртөг өндөртэй. 2,3 их наяд буюу манай Монгол Улсын ДНБ-ий 2- 3%-ийг 32км замд л зарах гээд байх шиг харагдаж байна. Нөгөө талдаа Туул гол маань нэг бол татарч ч магадгүй. Үгүй бол урсгал нь өөрчлөгдөөд үерийн аюул болж магадгүй. Эсхүл усан дээр барьсан гүүр зам байгууламжийн хамгийн том эрсдэл нь барихаасаа илүү ашиглалтын зардал элэгдлийн зардал буцаагаад тэрийг анхаарал тавьж бүрэн бүтэн байлгах зардал гэдэг ийм 3 том эрсдэл харагдаж байна. Өнөөдөр Дэлхий дахинд геополитикийн хүндрэлтэй байдлаас хамаараад төсөв эдийн засгаа маш их хэмнэж байна. Ялангуяа гадаад дотоодын өр зээлээ багасгаж, гадаад улсаас хараат байдлуудаа хамгаалах энэ талын бодлогууд дэлхийн аль ч улсуудад явж байна. Өнөөдрөөс эхлээд нефть шатахууны асуудал ч гэсэн хүндээр яригдаж байна. Зарим улсууд нийтийн тээврээ үнэгүй болгоод иргэдийнхээ зорчих асуудлыг машин тээврийг ч гэсэн хязгаарлах тухай асуудал яригдаж байгаа ийм нөхцөлд 680 гаруй тэрбум долларын асуудлыг ярьж байна. Улаанбаатар хотын төсөв яагаад сүүлийн үед өсөөд байна вэ гэхлээрээ улсаас авдаг татаасыг багасгачихсан. 1,8 их наядаас эхлээд дээш татаас авдаг байснаа сүүлийн хэдэн жилүүдэд авахаа больчихсон. үүн дээр Улаанбаатар хотод томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж байгаа нь үнэн. Гэхдээ яг энэ цаг үед ийм эрсдэлийг хийх хэрэг байна уу гэж хэлмээр байна. Шри Ланк улс 1,3 тэрбум доллароор хамгийн сайн боомт хотоо Хятадаас зээл авч хэрэгжүүлээд, эдийн засгийн үр ашиггүй байсан учраас сүүлдээ алдаад 99 жилээр түрээслэх буюу тэр боомтоо алдчихсан. Түүн дээр нь Хятадууд туг зоогоод авчихсан. Энэ Улаанбаатар хотод явж байгаа төслүүд ч гэсэн эрсдэлтэй эдийн засгийн үр өгөөж нь тодорхой харагдахгүй байгаа учраас ийм эрсдэл рүү ормооргүй байна. Геополитик болон эдийн засгийн нөхцөл байд л хүндэрч байгаа. Бид нар тэтгэвэр тэтгэмжээ тавьж чадахгүй цалингаа нэмэгдүүлж чадахгүй байгаа үед энэ төслийг ер нь зогсоох нь дээр юм биш үү гэсэн ийм саналтай байна аа” гэв.

Туулын хурдны замын асуудлаар нийгмийн сүлжээнд ид хэлэлцүүлэг өрнөж байгаа. Уг асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Түвшин байр сууриа илэрхийлжээ. УИХ-ын гишүүн Б.Түвшин:"Сүүлийн үед Туулын хурдны замын асуудлаар нийгмийн сүлжээнд ид хэлэлцүүлэг өрнөж байна. Тус төслийн 32 км замыг 668 сая ам.долларын гадаад зээлээр санхүүжүүлнэ гэдгийг олон талаас нь маш сайн хэлэлцэж ус, тосыг нь ялгасны дараа гаргах шийдвэр.Төсөвт өртөг 668 сая ам.доллар гэдэг нь ойролцоогоор Монгол улсын ДНБ-ний 3%-тай тэнцэх дүн бөгөөд ийм хэмжээний гадаад зээлийн улмаас эрсдэлд орсон гадаад улсын бэлэн жишээ ч байна. Тухайлбал, Шри Ланка улс Хамбантота боомтыг ч бас анх хөгжлийн том төсөл гэж л эхэлүүлсэн бөгөөд нийт төсөвт өртөг 1.3 тэрбум ам.доллар буюу тухайн үеийн Шри Ланка улсын ДНБ-ний 2%-тай тэнцэх хэмжээний дүн байсан.Уг төсөл хэрэгжиж боомт ашиглалтад орсон хэдий ч төсөөлсөн эдийн засгийн үр ашгийг гаргаж чадаагүйн улмаас улс орон нь гадаад зээлийн дарамтад орж улмаар боомтоо 99 жилийн түрээст шилжүүлсэн буюу үндсэндээ гадаад улсад алдсан байдаг.Бэлэн ийм жишээ байсаар байхад эрх баригч намын зүгээс тус төслийг санхүүжүүлэх Засгийн газрын гадаад зээлийн өрийн баталгаа гаргах асуудлыг 2025 оны улсын наадмын өмнөхөн УИХ-д оруулж ирж сөрөг хүчний саналыг үл харгалзан хүч түрэн шийдвэрлэсэн байдаг. Цаашлаад уул, усаа хөндсөн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх төслүүдийг дэмжихгүй" гэв.

Дэлхийн төвд Монгол оршихын учир хүн төрөлхтний мэдлэг, мэдээллээс хождохгүй, хөгжлийн хурдаас хоцрохгүй байх гэж бид хичээнэ. Эцсийн зорилго нь улсаараа хөгжих хүсэл, эх орноо хамгаалах итгэл хүндэтгэл л байдаг. Монгол Улсын дотор монголын бүх аймаг хот, дүүрэг, сум, баг бас монголчууд бид бүгдээрээ багтана. Тиймийн учир хот хөдөөг хослуулж, хоршуулж, холбож, харж, зүтгэж байж бүгдээрээ урагшилна. Эр өсөж, эсгий сунахын хэрээр эх нутгаа, эх орноо бүхлээр нь сэтгэл оюундаа багтаах ухаарлын орон зай томорно. Яагаав нөгөө нэг шүлэг байдаг даа. Сумаасаа гараад аймаг орлоо, сумаа би саналаа. Аймгаасаа гараад хот орлоо, аймгаа би саналаа…Эцэст нь эх орноо бүхлээр нь саналаа гээд… Тийм л байдаг.Монгол хүн хот хороо орлоо гээд нутаг усаа мартчихдаггүй, хаяж гээчихдэггүй. Харин ч илүү их хайрладаг, илүү их хамгаалдаг, илүү их боддог, зүтгэдэг. Завханчуудын болон баруун бүсийнхний итгэл сэтгэлийг төрд төлөөлж яваа миний бие Хан-Уул дүүргийн АН-ын дарга боллоо гээд аймаг орон нутгаасаа урвачихаж байгаа юм биш. Харин ч илүү ихийг сэтгэл оюундаа багтаагаад урагшилж яваа хэрэг. Хэнийг ч, юуг ч хаяж гээгээгүй, хэнээс ч юунаас ч урваж шарваагүй. Банзрагчийн ТҮВШИН байдгаараа, хэвээрээ л яваа шүү! Замын холыг ухааны холчоор давъя.Жич: УИХ-ын гишүүд Аймаг дүүрэг үл харгалзан АН-ын дотоод сонгуульд амжилттай оролцох, намын дэмжигчдийнхээ итгэлийг хүлээх, намынхаа гишүүд дэмжигчдийн тоо хүрээг нэмэгдүүлэх үүрэг хүлээж байдаг.

Ардчилсан нам дотоод сонгуулиа зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга болон ҮБХ-ны гишүүдээ сонгож эхэлсэн билээ.Одоогоор ҮБХ-ны гишүүд болон намын дарга нарын нэрс бүрэн тодроогүй байна. Гэхдээ олон нийтийн сүлжээнд нээлттэй зарласан болон эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд, орон нутаг болон дүүргийн намын дарга нар УИХ-ын гишүүдээс сонгогдож байна.Хан-Уул дүүргийн Ардчилсан Намын даргаар урьдчилсан байдлаар УИХ-ын гишүүн Б.Түвшин сонгогдлоо.