Газрыг төлөвлөлттэй ашиглах хэрэгтэй
Газрын харилцаа геодиз зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай
2013.04.19

Газрыг төлөвлөлттэй ашиглах хэрэгтэй

Газрын харилцаа геодиз зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайтэй ярилцлаа.

- Газрын харилцааны талаар зөвлөгөөнд илтгэл тавьсан. Одоо манай улсын хувьд бүтээн байгуулалтын газрын нөөц хэр байгаа бэ? Улаанбаатар хотод нилээн шигүү барилга баригдаж байна.

Бүтээн байгуулалтыг заавал хоосон газар хийнэ гэж ярьдаггүй. Бүтээн байгуулалт, хөгжил гэдэг нь хөрөнгө оруулалтын их үүсвэр, технологийн өөрчлөлт, амьдралын хэрэгцээ шаардлага зэргээс хамааран дахин төлөвлөлт хийгдэж, барилга байгууламж сүндэрлэн, хүчин чадалтай дэд бүтэц бий болдог.

Анхнаас нь газрыг төлөвлөлтгүй, замбараагүй ашигласнаас газар байхгүй гэдэг сэтгэлгээтэй болчихсон. Харин бүх зүйлийг төлөвлөлөх юм бол хангалттай газар байгаа. Бид чинь гуравхан сая хүн амтай улс учраас газрын асуудал байхгүй.

-  Барилгын компаниуд газрын эрх авахад хэцүү юу?

Үгүй. Нөгөө буруу ойлголтоосоо салж чадахгүй л байна гэсэн үг. Хүн амын өсөлтийг тооцон төлөвлөж, бүтээн байгуулалт хийж чадвал хангалттай газар байгаа. Эзгүй хээр барилга барихгүй нь ойлгомжтой. Тиймээс хот суурин газар барина гэхдээ Улаанбаатар хот хэт төвлөрчихсөн учир тэрийг задалж бусад суурин, эдийн засгийн цэгүүдийг хөгжүүлэх шаардлага гарч  байгаа.

Суурь судалгаа гэдэг нь газрын онцлог, хаана байгалийн баялаг байгааг тодорхойлж тооцох юм.

Энэ бол төлөвлөлтийн асуудал. Үүнийг хийхийн тулд Монгол улсын нийт нутаг дэвсгэр дээрх суурь судалгааг хийнэ. Суурь судалгаа гэдэг нь газрын онцлог, хаана байгалийн баялаг байгааг тодорхойлж тооцох юм. Гэтэл тооцохгүй газар олгож байсан нь газар байхгүй гэсэн ойлголтыг хүмүүст төрүүлдэг.

Улаанбаатар хотод 1.2 сая хүн амьдарч байгаа. Тэгэхээр хүн амаа судалж, газар тариалан, мал аж ахуй эрхлэх сонирхолтой иргэдийг олж, орон нутгийн дэд бүтэцийг хөгжүүлэн хүн амаа хувиарлах хэрэгтэй. Ингэснээр бүгд хотруугаа цуглах шаардлагагүй болно.

Орон нутгийн төлөвлөлтийг сайн хийж, барилга барих газар, аж ахуй эрхлэх талбайг тодорхойлон улс баталгаажуулж өгвөл иргэд бүтээн байгуулалтыг хийх боломжтой.  Монгол улс бүтээн байгуулалт өрнүүлж дөнгөж эхэлж байна. Монгол улс том суурин хотгүй гэж хэлж болно. Улаанбаатар хотыг том хот гэхгүй шүү дээ.

Замбараагүй бүтээн байгуулалт хийгдсэнээс болоод газар байхгүй, хийх ажил байхгүй юм шиг харж болохгүй. Хамгийн гол нь шийдвэр гаргагчид хөгжлийг яаж харж байна гэдэг их чухал.

-  Хот төлөвлөлт ямар шатанд байна. Мөн бусад хэлтэс,  яамдуудтай хэр хамтран ажиллаж байгаа вэ?

Монгол улс 150 сая га газартай. Хэрэглэж байгаа хэлбэрээрээ зургаан ангилалд хуваагддаг. Үүнд: хөдөө аж ахуй, ус, ойн, тусгай хэрэгцээний, хот суурин газрын гэх мэт. Энэ чиглэлийн маш олон байгууллага идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг. Төлөвлөлт хийгээгүй учир асуудал гардаг.

Харин төлөвлөлтөнд орчихсон тохиолдолд газрын асуудал байхгүй болно. Одоогоор МУ-ын нутаг дэвсгэрийн, газрын, төлөв байдал, чанарын өгөгдөлийг тодорхойлоход зориулан суурь судалгаа хийж байна. Хаана ямар ховор ургамал, амьтан хөрс, геологи, газрын хагарал, цэвдэг, өвөрмөц тогтоцтой газар байгааг тодорхойлно.

Ингэж чадвал газрын төлөвлөлт, хувиарлалтын талаар мэдлэгтэй хандана шүү дээ. Үүний тулд Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам, барилгын яам гээд холбогдох бүх яамдуудтай хамтран ажиллаж, арга зүйгээ тодорхойлдог. Газар оролцохгүй салбар гэж байхгүй.

Газраас салгасан төлөвлөлт бүтэхгүй. Тэгэхээр орон зайн мэдээллийн дэд бүтэц гэж хуучин атлас гэж ярьдаг. Одоо бол тоон мэдээлэл бүхий газрын мэдээллийн систем. Үүн дээр нийгэм, эдийн засгийн бүх мэдээллийг нэгтгэж чадвал цогц  мэдээллээр хангагдах боломжтой. Мэдээж салбарын онцлогтой нууцлалын систем үйлчилнэ.

Иргэнд мэдээллийг ил болгож, орон сууц барих, бизнес эрхлэх газар гээд төлөвлөөд өгчихвөл асуудал гарахгүй.

Иргэнд мэдээллийг ил болгож, орон сууц барих, бизнес эрхлэх газар гээд төлөвлөөд өгчихвөл асуудал гарахгүй. Өмнө нь тухайн үеийн эдийн засгийн байдал, удирдагч нарын менежментийн арга барилаас шалтгаалж байсан. Одоо бол энэ боломжтой. Ер нь бол 2015 оноос мэдрэгдэж эхлэх байх.  

- Нийтийн хэрэгцээнд зориулсан газрын зургыг гаргана гэж БХБ-ын сайд илтгэлдээ дурьдсан. Энэ хаана гэсэн үг бэ? Нийтийн хэрэгцээнд гэдгийг тодорхойлбол?

Байр зүйн зураг нь “Төрийн нууцын жагсаалтыг батлах тухай хууль”-нд  100 мянганы маштабаас дээш бүх маштабын байр зүйн зураг нууц гээд заачихсан байдаг. Энэ нь тусгай горимоор хэрэглэгддэг учир, иргэд ашиглах боломжгүй.

Тиймээс байр зүйн зургыг тусгай, болон нийтийн зориулалттай гэж ангилан хуулинд оруулахаар ярьж байгаа. Нийтийн зориулалттай гэдэгт улс орны үндэсний аюулгүй байдалд хамаарахгүй зургыг тодорхойлно. Нийтийн хэрэгцээний байр зүйн зураг нь бүх салбарт хэрэглэгдэх боломжтой.