Батбилэг.Д 2013.10.15 | Сонин: Ардчилал

Д.Батбилэг: “Хүү нь амьд ирэхгүй байх” гэж ээждээ үнсүүлээд өлсгөлөн зарлахаар явж байлаа

Д.Батбилэг: “Хүү нь амьд ирэхгүй байх” гэж ээждээ үнсүүлээд өлсгөлөн зарлахаар явж байлаа
Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг

Социалист Монголыг ардчилсан Монгол болгоход түүхэн үүрэг гүйцэтгэж явсан нэгэн эрхэмтэй холбогдож баяр хүргэлээ. Энэ хүн бол Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга, МоАХ-ны анхдагч Д.Батбилэг юм. Түүнд баяр хүргэхийн учир нь, тэртээ 1990 оны гуравдугаар сарын 7-нд энэ хүн журмын нөхдийнхөө хамт тухайн үеийн Монгол Улсын нийгмийг өөрчлөхийн тулд амь насаараа дэнчин тавьж, улс төрийн өлсгөлөн зарласан билээ. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнийг уншигч танд хүргэж байна.

-Батбилэг ах аа, баяр хүргэе. “Ардчилал” сониноос ярьж байна?

-Юун баяр байдаг билээ.

-Улс төрийн өлсгөлөн зарлаж байсан өдөр маргааш /өнөөдөр/ шүү дээ?

-Өө нээрээ тийм.

-Тухайн үед өлсгөлөн зарлаж байсан тухайгаа хуучлахгүй юу. Мэдээж зорилго нь  ардчилал эрх чөлөө  гээд тодорхой байсан учраас их зоригтой байсан байх?

-Тийм ээ. Тухайн үеийн нийгмийг л өөрчлөх зорилготой байлаа. Өлсгөлөн зарлахад нийгмийн бүхий л давхаргынхан цуглаж байсан юм. Арванхоёрдугаар сарын 10-наас эхэлсэн жагсаал цуглаан гуравдугаар сарын 4 болоход дөрвөн хүчний жагсаал болж, 5-нд өргөтгөсөн хуралдаан болж байлаа. Одоогийнхоор “Далай ээж” захын байранд Цэгмэд гуайн урланд хуралдаж байсан юм. Тэр хуралдаанаас л өлсгөлөн зарлах шийдвэр гаргасан. Тэгээд маргааш нь буюу гуравдугаар сарын 6-нд гэдэс дотроо цэвэрлүүлэх гээд нэгдүгээр хороололд Баярсайхан эмчийн гэрт очиж байв.

Тухайн үеийн нийгмийг л өөрчлөх зорилготой байлаа. Өлсгөлөн зарлахад нийгмийн бүхий л давхаргынхан цуглаж байсан юм.

Тэгээд гуравдугаар сар­ын 7-нд гэртээ харьж цаг гаруйхан унтчихаад хувцас хунараа өмсөөд Сүхбаатарын талбай руу явахаар болсон. Гэтэл ээж маань гэдэс дотроо цэвэрлэ гээд содтой ус уулгаж байлаа. Ээж маань эмч хүн байсан болохоор гэдэс юугаар цэвэрлэдгийг мэдэж байсан биз. Ингээд 12:00 цагт Сүхбаатарын талбай дээр ирэхэд хүн цуглаагүй байв. 13:00 цаг хүртэл хүлээхэд Батцэнгэл, Жавхлант, Энхбаатар, Эрдэнэбат бид тав цуглаж, 14:00 цаг гэхэд бид суултаа эхлүүлсэн. Уг нь, энэ үед жагсаал цуглааныг гол удирдаж байсан Бат-Үүл, Дорлигжав нарын хүн МАХН-ын Төв хороотой хэлэлцээр хийх гээд орчихсон байсан юм билээ. Ингэж л өлсгөлөн эхэлсэн юм шүү дээ.

-Үнэхээр шийдчихсэн байжээ дээ?
Таван хүнээр эхлүүлсэн өлгөлөн 9-ний өдөр зогсоход 33 болсон байсан. Олон хүн дэмжсэн.

-Тэр үед үнэхээр хүнд хэцүү цаг үе байсан. Би гэрээсээ гарахдаа ээждээ, “За хүү нь амьд эргэж ирэхгүй байж магадгүй. Үнсээрээ хүүгээ” гэж хэлж байсан юм. Ингээд гуравдугаар сарын 7-ны 14:00 цагт эхэлсэн өлсгөлөн 9-ний 22:00 цагт зогссон. Энэ хооронд бүсгүйчүүд маань бидэнд уурлаж л байлаа. Эмэгтэйчүүдийн баяр болж бай­хад өлсгөлөн зарлалаа гэж. Гэхдээ биднийг МоАХ-ныхон маань хамгаалж байлаа. Тэр үед биднийг хөнөө­хөд бэлэн байсан гэдэг юм. Одоогийн Хүүх­дийн урлан бүтээх төвд тухайн үеийн Цэргийн их сургуулийн оюутнууд буутай бэлэн байдалд байсан гэдэг. Энэ бүхнээс хамгаалж байсан МоАХ-ны партизанууддаа, тэр дундаа бид­нийг дэмжиж байсан бүсгүйчүүддээ танай сонингоор дамжуулан баярын мэнд хүргэе.

-Нийгмийн өөрчлөх энэ өлсгөлөнг таван хүн эхлүүлсэн ч олон хүн дэмжсэн гэдэг?

-Тэгэлгүй яахав. Таван хүнээр эхлүүлсэн өлгөлөн 9-ний өдөр зогсоход 33 болсон байсан. Олон хүн дэмжсэн. Дээрээс нь тухайн үеийн МАХН-ын Төв хорооны удирдлагууд болох Батмөнх, Жамсранжав гуай нар ардчиллыг нухчин дарж болохгүй гэж асуудлыг зөвөөр хүлээж авсан гэдэг. Бусад нь бол нухчин даръя гэж байсан гэдэг юм. Ингэж л бид эр зоригоороо нийгмийг өөрчлөх гэж өлсгөлөн зарлаж байлаа даа. Биднийг зөв удирдаж байсан хүн бол Улсын баатар Бат-Үүл маань юм.