Байгалмаа.Г 2013.10.22 | Сонин: Ардчилал

Г.Байгалмаа: Энэ онд 18.8 мянган орон сууц ашиглалтад орно

Г.Байгалмаа: Энэ онд 18.8 мянган орон сууц ашиглалтад орно
Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа

Энэ онд барилгын салбар урьд байгаагүйгээр идэвхжиж, өдөр шөнөгүй бүтээн байгуулалт өрнөсөн. Их ажлын ард бодлого боловсруулж, жолоог нь залж суугаа Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаатай салбарынх нь ажлын талаар ярилцлаа.

-Барилгын салбарт өмнө байгаагүй олон үйл явдал, хөтөлбөр хэрэгжлээ. Өнгөрч буй 2013 оныг энэ салбарын хувьд та хэрхэн дүгнэх вэ?

-Манай орон ергөн уудам нутагтай, хүн ам цөөн гэдгийг та бид мэднэ. Гэвч сүүлийн үед хот руу шилжин ирэх нүүдэл огцом нэмэгдэж байна. Тиймээс орон нутгаа хөгжүүлэх, нүүдлийг сааруулах талаар дорвитой үр дүнтэй ажил хийхийн тулд хот, хөдөө гэж ялгалгүй зэрэг хөгжүүлэх нь чухал байна. Тэр ч утгаараа Шинэчлэлийн Засгийн газар барилга, хот байгуулалтын салбарыг бие даасан яам болгож байгуулсан.

Өнгөрсөн хугацаанд бид үйл ажиллагаандаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхээс гадна нэлээд ажил амжууллаа. Салбарт маань хийж хэрэгжүүлэх ажил нэлээд байна. Бид Засгийн газрын 171 дүгээр тогтоолоор "Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих" хөтөлбөр батлуулсан.

Хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар "Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнэ тогтворжуулах" дэд хөтөлбөр баталж, хамтран ажиллаж байна.  Дэд хөтөлбөрөөр барилгын гол нэр төрлийн импортын материал цемент, арматурын бизнес эрхлэгчдийг хөнгөлөлттэй зээлээр дэмжиж ханшийг нь тодорхой хугацаанд гэрээнд заасан үнээрээ барьж чадлаа.

Мөн дуусаагүй барилгатай барилга угсралтын компанид 18 сарын хугацаанд бүрэн ашиглалтад оруулахыг дэмжиж, зээл олгосон нь дэд хөтөлбөрийн заалтыг хэрэгжүүлж салбарын эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг ойртуулж, барилгын ажлыг түргэтгэж байна.

-Хавраас хойш чихэнд хонх уяагүй цементийн ханш саяхан нэмэгдэж, олны анхааралд орлоо. Энэ өсөлтийн араас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэв?

тонн цементийг дунджаар 130-150 мянган төгрөгөөр борлуулж байсныг иргэд мэднэ.

-Цемент, арматур тогтмол нийлүүлж, үнэ хэвийн байснаар барилга, орон сууцны үнэ ханш хэлбэлзэхгүй байх нөхцөл бүрдэх боломжтой гэж үзсэн. Тиймээс өнгөрсөн хавар барилгын ажлын улирлыг угтаж хөтөлбөрөө эхлүүлсэн юм. Үүний үр дүнд бид үнээ тодорхой хэмжээнд барьж чадсан. Тодруулбал, дөрөвдүгээр сараас өнгөрсөн сарын дунд үе хүртэл тонн цементийг дунджаар 130-150 мянган төгрөгөөр борлуулж байсныг иргэд мэднэ.

Харин энэ 10 сард л үнэ нь нэмэгдлээ. Үүнд зарим нэг хүчин зүйл нөлөөлсөн Жишээ нь, валютын үнийн өсөлт, цемент нийлүүлэгч Эрээн хотын үйлдвэрүүд үнээ 'нэмсэн, хүйтний улирал эхэлж байгаатай холбоотой барилгынхны дараа жилийн бэлтгэл ажил гэх мэт шалтгаан нөлөөлсөн.

-Эрэлт гэнэт өссөнөөс үнэ нь нэмэгдсэн гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ?

-Энэ төрлийн түүхий эдийн эрэлт барилгын улирлын эхлэл, төгсгөлд эрчимждэг юм байна. Жишээлбэл, одоо аравдугаар сар гарч, хүйтний цаг үе эхэлнэ угсралт, цутгалт зогсох, барилгын салбарынхан дутуу ажлаа гүйцээхийн тулд түүхий эдээ татах нь эрчимжээд, ажил нь шахагдчихдаг. Ингээд гэнэт их эрэлт бий болоод, нөөц багасчихаар ханш нэмэгдэх нь зах зээлийн бичигдээгүй хууль шүү дээ.

Гэхдээ манай хөтөлбөрт хамрагдсан аж ахуй нэгжүүд нийлүүлэгч нартаа гэрээний үнээр л борлуулалт хийж байсан. Хөтөлбөрт хамрагдаагүй энэ төрлийн бизнес эрхэлдэг олон аж ахуй, хувь хүн байгаа.

-Засгийн газрын төвшинд барилга, бүтээн байгуулалтын цөөнгүй ажил төлөвлөсөн. Эдгээрийн үйл ажиллагаа хэр урагштай яваа бол?

-Засгийн газар, БХБЯ- ны бодлого, мөрийн хөтөлбөрт тусгаснаар аймаг бүрт 1000 айлын орон сууц барина. Үүний 75 мянга буюу 17 хотхон, хороолол нь Улаанбаатарт сүндэрлэх юм. Үлдсэн орон сууцыг аймаг бүрт мянган айлын байр босгож хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ их ажлын бэлтгэл болгож, 56 төрлийн дэд бүтцийн асуудлыг төрийн зардлаар хийх юм.

Үүнээс 23-24 ажил нь эхэлчихсэн, гэр хорооллын дахин төлөвлөлтөө ч хийж дуусгах ёстой. Ерөнхийдөө, 416 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх ажлаас 20 гаруй нь хэрэгжиж байна. Зарим нь энэ онд дуусах бол бусад нь хойтон хүлээлгэж өгөх хуваарьтай. Дараа жил гэхэд төр дэд бүтцийг нь байгуулчихаар барилгын компаниуд тухайн газарт шууд барилга барьж болно. Товчхондоо, шат дараа-тай шийдэх цогц асуудал юм.

-Улаанбаатар хотод гэр хорооллын дахин төлөвлөлт, гол хэсэг рүү төвлөрөх асуудлыг шийдвэрлэхээр их хүч зарцуулж байх шиг. Яамны бодлогод үүнийг хэрхэн тусгасан бол?

-Сая хэлсэнчлэн төвлөрлийг задлах, сааруулах асуудалд шат дараатай анхаарч байгаа. Баянголын ам, шинэ яармаг, Буянт-ухаагийн дэнжид дэд бүтцээ холбож байна. өнөөх 17 томоохон хотхон, хорооллын 10-ынх нь дэд бүтэц энд багтана. Энэ ажилд нийслэлийн удирдлагуудтай нягт уялдаатай ажиллаж байгаа. хотын дарга Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтөд идэвхтэй оролцож анхаарлаа хандуулдаг.

Цаашид 15 мянгаас олон оршин суугчтай газрыг нь хотын статустай болгохоор ярьж байна. Ингэж Улаанбаатарын төвлөрлийг хуваалцах газар нэмнэ гэсэн үг. Дархан, Зуунмодыг хот болгомоор байна. Тун удахгүй эхлэх Хөшөгийн хөндийд шинэ нисэх онгоцны буудал дагасан 100 мянган оршин суугчтай хот, Төв аймгаас урагш Майдар хотын төсөл яригдаж байгаа. Багануурыг залуусын хот болгоё. Мянганы зам, төмөр замтай Багахангай, Налайхыг аль болох өргөжүүлэн тэлье гэж байгаа.

Тэгэхгүйгээр их төвлөрлийг задлах, гэр хорооллын дахин төлөвлөлтөө хийх боломжгүй. Мэдээж энэ ажилд иргэдийн оролцоо чухал. Аль болох иргэдээ л ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх гэж хичээж буйг ойлгоосой гэж хүсдэг.

-Хот руу нүүх урсгалыг зогсооход орон нутаг, аймаг, сумын хөгжлийг авч үзэх нь зайлшгүй.

-2013 онд аймаг бүр ерөнхий төЛөвлөгөөгөө батлаад түүний дагуу хөгжих боломж харагдсан. Сум-орон нутгийг ч орхиж болохгүй. Тийм болохоор гурван сумд жишиг сум хөгжүүлэх төсөл хэрэгжиж байна. Хоёр нь,Канад модон технологи нэвтрүүлж байхад нөгөө нь Замын-Үүдийг сонгосон.

Бид энэ сард Эрээн хотын төлөвлөлт, Замын-Үүдэд хэрэгжиж буй гурван төсөлтэй биечлэн танилцлаа. Ажил эрчимтэй явж, цаашид энэ сумыг боомт хот болгож хөгжүүлэх бодлогод тулгуурлан төлөвлөгөө боловсруулсан. Үүнд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спорт соёлын төв, ногоон байгууламж гээд бүгдийг тусгасан юм. 

-Аймаг бүрт мянган айлын орон сууц барих ажил хэр эрчимтэй явна вэ?

2016 он гэхэд бүх аймаг орон сууцаа бариад дуусчих байх.

-Бүх аймагт барилгын ажил эхэлчихсэн. Эхнээсээ ашиглалтад орсон орон сууц ч бий. Зарим нь барилгын компанид газраа үнэ төлбөргүй өгөөд, дэд бүтэц татаад өгчихсөн, орон сууцны үнэ хямд байлгах талаар тохиролцоо хийсэн байх жишээтэй. Мэдээж ийм нөхцөл нь хувийн компанид таатай.

Мөн иргэдэд ч боломжийн үнээр тохилог байранд орох боломж бүрдэнэ. 2016 он гэхэд бүх аймаг орон сууцаа бариад дуусчих байх. Яагаад гэвэл, аймагт газар чөлөөлөх ажил бараг үгүй, байлаа ч нийслэлтэй харьцуулахад шийдвэрлэхэд хялбар.

-Барилгын компани, бараа үйлдвэрлэгч болон импортлогчдод зээл олгосон. Ингэж нийлүүлэлтээ сайжруулсны дараа эрэлтээ дэмжсэн хэлбэр нь орон сууцны зээл.

-Тийм ээ. Манай яам Монголбанктай хамтарч хэрэгжүүлсэн том ажил бол жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл. Эхний ээлжинд 800 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн. Гэвч энэ ажил ийм хэмжээний мөнгөнд эргэлдэнэ гэсэн үг биш. Иргэдийн төлсөн 30 хувьтай тэнцэх урьдчилгаа 800 тэрбум төгрөгийг улам арвижуулна.

Хамгийн гол нь ашиглалтад орсон орон сууцанд л зээл олгох учраас хүмүүс дуусаагүй барилгад зээл авч, амьдарч эхлээгүй байж хүү төлдөг явдал зогссон. Мөн иргэдээ хохиролгүй болгохоор өмнө нь 15-16 хувийн хүүтэй зээлд хамрагдсан бол хүүг найман хувь руу шилжүүлж байна.

Өвлийн улиралд барилгын цутгалт, гадаад ажил зогсдог ч дулаанд холбогдож, ханаа битүүлсэн барилгыг 12, нэгдүгээр сард ч хүлээлгэн өгч болдог. Өөрөөр хэлбэл, орон сууцны хөтөлбөр өвөл, хавар ч үргэлжилнэ гэсэн үг.

-Үнэд чиглэсэн бодлого хэрэгжиж байгаа ч үр дүнгүй байна гэж шүүмжлэх нь бий?

-Бид өрсөлдөж ажилладаг чөлөөт зах зээлд шилжээд 24 жилийн нүүрийг үзэж байна. Өнөөдөр барилгын салбарыг хувийн сектор л авч явж байгаа. Тэгэхээр үнээ буулга, ийм байлга гэж болохгүй. Нэг хэсэг цэцэглэсэн газрын наймаа нь орон сууцны одоогийн үнэ ханшид нөлөөлсөн.

Барилгын дийлэнх материалаа гадаадаас импортолдог учир валютын ханшийн ихээхэн савлагаа ч нөлөөтэй. Мөн дэд бүтэц нь өөрөө үнэ өсөх, барилгын ажиллагааг ихэсгэх суурь болох нь бий. Барилгын салбарын ажилтнуудын цалинг нэмэх ёстойг ч мартаж болохгүй. Энэ мэт олон хүчин зүйлээс үнэ нэмэгддэг гэж болно.

-Зээлийн хөтөлбөр эхлэхэд 2013 онд 16 мянга орчим орон сууц шинээр ашиглалтад орно гэж байсан. Одоо үр дүн хэр өөрчлөгдсөн бэ?

-Улсын хэмжээнд 16 мянган айлын орон сууц ашиглалтад орно гэсэн. Гэхдээ энэ тоог хавар гаргасан юм. Одоо харахад тэр тооноос илүү орон сууц ашиглалтад орох хандлага ажиглагдаж байна. Бодлого хөтөлбөр маань амжилттай хэрэгжиж, төлөвлөгөөгөө ч давуулан биелүүлсэн. Тодруулбал, өнөөдрийг хүртэл 7812 айлын орон сууц ашиглалтад орж. Харин үлдсэн гурван сарын дотор 18 814 хүртэл нэмэгдэх нь.

Өөрөөр хэлбэл, 2014 он гарахаас өмнө 11 мянга орчим сууцыг цөөн хувь нь эрж хайж байна. Тиймээс сүүлийн үед барилгын компаниуд ч зураг төслөө 1-2 өрөөтэй боловсруулах болж. Урьд нь, орон сууцны санхүүжилтийн корпораци гэж байсныг Төрийн орон сууц нь корпораци болгон өөрчилсөн. Барилгын салбар дахь зээл, тусламж, бодлогоор орж ирж буй хөрөнгө оруулалт, төслийг анхаарч ажилладаг.

Анхны жишиг барилга нь Нисэхэд босч байгаа, энэ оны сүүлчээр түрүүчийн 420 айлын орон сууц ашиглалтад орох боломжтой. Энэ бол дунд буюу дундаас доош орлоготой иргэдээ орон сууцжуулах зорилгын хүрээнд хийсэн ажил.

-Барилгын үнэ байршлаас хамаарч ялгаатай байна. Хотын зах руу ам.метр нь хямдардаг ч таны хэлснээр төвлөрлийг задлах ажил хэрэгжсэнээр одоогийн хотын зах шинэ төв болох нь. Хэдийд бодитоор хэрэгжиж дуусах вэ?

-Төвлөрөл сааруулах, хотжилтыг задлах ажил эхэлчихсэн. Бодит биеллээ олж, үр дүнгээ өгөх үеийг 2014 оны сүүлч, 2015 оны эхэн гэж болно. Баянголын ам, Буянт-Ухаа, Нисэх, Яармаг руу холбож буй дэд бүтэц ирэх онд дуусна шүү дээ. Тэгэхээр барилгын компанийн бүтээн байгуулалт тийш төвлөрнө.

Шинэ бүтээн байгуулалтын ажил 2014- 2015 онд амжиж ашиглалтад орох боломжтой. Тэр үед одоогийн хотын зах хотын төв болж хувирна. Мөн хотыг зүүн тийш тэлж хөгжүүлэх боломжийг бид эхлүүлсэн. УС-15, тавдугаар цахилгаан станц ашиглалтад орохоор хот зүүн тийш хөгжинө. Арай тодорхой болгохын тулд яагаад хүмүүс хотын төв рүү хошуурдгийг бодоод үзье.

Хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэх, ажилдаа явахад төвөг багатай, ядаж л унаа бага ашиглахын тулд хотын төв рүү тэмүүлдэг. Тэгвэл ийм нөхцөл боломж 2015 онд одоогийн хотын захад бүрэлдэх нь.

-Хөтлийн цементийн үйлдвэрийн өргөтгөл дуусч байгаа. Цаашид үнэ ханшийг нь барих ажил хэрхэн өрнөх вэ?

-Хөтөл цементийн үйлдвэрийн хүчин чадлыг нэг дахин   нэмэх    өргөтгөлийн ажил ирэх сард дуусна. Мөн Дорноговь аймгийн хоёр ч суманд нэг сая тонн цементийн хүчин чадалтай үйлдвэр байгуулах ажил эхэлсэн. Ирэх оны өдийд ашиглалтад орох байх. Тэгэхээр 2015 оноос хойш монголчууд цементээ гадаадаас авахгүй, өөрсдөө хэрэгцээгээ хангадаг болчихно.

Цаашид зуурмаг, төмөр бетон хийцийн, уулын чулуу бутлан ангилах үйлдвэр нэмж байгуулах, одоо байгаа эргэлтийн хөрөнгөөр дэмжих зорилт тавьж байна. Ер нь барилгын материалын нийлүүлэлтийг дотоодоос хангадаг болох зорилт тавин ажиллаж байна.

Монголбанктай хамтарсан хөтөлбөр ирэх жил хэрэгжихэд ямар нэг өөрчлөлт оруулах уу?

-Барилгын салбараа дэмжих хөтөлбөрүүдээ бид үргэлжлүүлнэ. Оны сүүлч дараа оны, эхээр хөтөлбөрийн үр дүн харагдана. Бид хотын баруун, зүүн захад барилгын материалын терминал байгуулахаар зорилт тавин ажиллаж байна. Барилгын материалын үйлдвэрлэлийн нэгдсэн парк барьж эхлэх юм.

Үүнийг дагаад барилгын ажлыг улирлын нөлөөллөөс гаргах боломж бүрдэнэ. Өвөлдөө угсралтын бэлдцээ үйлдвэрлээд, дулааны улиралд угсарчихдаг болно. Мөн шинэ технологи нэвтрүүлж, аль болох хүний оролцоо хүчин зүйлийг багасгаж, цаг болон мөнгө хэмнэж ажиллахыг цаг үе шаардаж байна шүү дээ.

-Барилгын салбар энэ онд гэнэт сэрсэн юм шиг л ажиллалаа. Гэхдээ хоорондын уялдаа холбоо, хамтрах боломжийг хангахад хэр анхаарсан бэ?

-Өнгөрсөн сард хот байгуулалтын чиглэлээр төр, засаг ямар бодлого баримталж буй талаар олон улсын форум зохион байгуулсан. Энд гадаадын байгууллагаас хөрөнгө оруулалт татах давхар зорилго тээсэн юм. Өнгөрсөн долоо хоногт "Констракшн Монголиа 2013" олон улсын бага хурал, үзэсгэлэнг зохион байгууллаа. Гадаадын 11 орон, 50-60 компани, байгууллага оролцож, цаашид хийх бүтээн байгуулалт болон төслүүдээ дэлгэж, танилцуулсан.

Мөн дотоодын үйлдвэрлэгчдээ гадаадын хөрөнгө оруулагчтай холбох, харилцааг нь өргөтгөх бололцоог нээх болно. Хэдийгээр барилгын улирал дуусч байгаа ч ирэх өвлийн хугацаанд хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагаа эхлүүлэх, тохирч ярилцах боломжтой гэж үзсэн. Тэгснээр ирэх хавар барилгын бүтээн байгуулалт эхлэхэд хамтын ажиллагаа, дэмжлэг бодитойгоор хэрэгжинэ шүү дээ.